
Зургийг: Manaure Quintero/Bloomberg
(Bloomberg) -- Ираны дайн дэлхийн нэн чухал түлш, бордооны нийлүүлэлтийн сүлжээг орвонгоор нь эргүүлээд зогсохгүй тус улсад түгээмэл тарьж ургуулдаг пистачио буюу ангаахай самрын үнийг сүүлийн найман жилийн дээд түвшинд хүргэж өсгөжээ.
Дангаар хэрэглэхээс гадна мөхөөлдөс, шоколад, зарим төрлийн ундааны орц болдог ангаахай самрын үйлдвэрлэлээр Иран улс АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт ордог байна. Хэрэглэгчийн эрэлт ид өсөж буй үетэй давхцан зөрчил мөргөлдөөн дэгдсэнээр тус зах зээлд нийлүүлэлт, худалдаа эрс татарч, гуравдугаар сарын байдлаар ангаахай самрын үнэ АНУ-д фунт нь 4.57 ам.доллар хүрчээ. Энэ нь 2018 оны тавдугаар сараас хойших дээд үзүүлэлт болж буйг зах зээлийн судалгааны “Expana Markets” фирм мэдээлж байна.
Дайн гарахын өмнө хориг арга хэмжээ, геополитикийн зөрчил зэргээс шалтгаалж Ираны ангаахай самрын худалдаа хэдийн бэрхшээлтэй тулгараад байв. Мөн 2025 онд ургац хураалт тааруу байсан, өнгөрсөн нэгдүгээр сард Ираны Засгийн газрын эсрэг үймээн самууны үеэр харилцаа холбооны сүлжээ тасарсан зэрэг асуудал нь Ираны самрын экспорт буурахад нөлөөлжээ.
2023 оны эцсээр ангаахай самрын шанзтай "Дубай шоколад" нь “TikTok”, “Instagram” дээр ихээхэн алдаршиж, энэхүү самрын эрэлт Европ, Ойрх Дорнод төдийгүй Ази даяар эрс нэмэгдэж байв. Ингэснээр сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ангаахай самрын үнэ 30 орчим хувиар өссөнийг “Expana Markets”-ийн дата харуулж байна.