
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
2026 оны эхний гурван сард Монгол Улс 143.4 мянган жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 39.5 хувиар өссөн дүн болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Түүнчлэн цар тахлын үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлттэй I улиралд тооцогдож байна.
Тайлант хугацаанд Монгол Улсыг зорин ирсэн Япон улсын жуулчдын урсгал 85.4 хувиар, ОХУ-ынх 65 хувиар эрчимжсэн нь хамгийн өндөр дүн болжээ. Мөн БНХАУ-ынх 20.3 хувиар, БНСУ-аас ирсэн жуулчдын урсгал 19.7 хувиар өссөн байна.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээнүүд, шууд нислэгийн хүртээмж сайжирч байгаа зэрэг нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж буйг салбарынхан тодотгож байна. Хэдий тийм боловч дэд бүтэц, авто замын чанар хүртээмж хангалтгүй, хүний нөөц дутагдалтай, жуулчны баазын төвлөрөл бага, ашигт ажиллагаа муу зэрэг тулгамдсан асуудлууд хэвээр байгааг онцолж буй.
Монгол Улс 2026 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа юм. Ойрх Дорнодын дайны нөлөөгөөр агаарын хөлгийн түлшний үнэ нэмэгдэж, зардал өссөнөөр тийзийн үнэд тодорхой зохицуулалт хийх нөхцөл байдал үүсэж буйг зарим компани мэдэгдээд байна.
Нөгөө талдаа Ойрх Дорнод руу чиглэж байсан жуулчдын урсгалыг Монгол руу татах боломж нээгдэж буй тул шууд нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг Зам, тээврийн сайд мэдээлсэн юм.
Энэ хүрээнд 2026 онд Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл болон Өмнөговь аймгийн нисэх буудлыг өргөтгөж, олон улсын нислэг хүлээн авахаар бэлтгэж байна.