
Зургийг: С.Батсайхан
Мөнгөний нийлүүлэлт буюу М2 мөнгө гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар өсөж, 49.4 их наяд төгрөг хүрсэн байна. Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 8.7 их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 27 их наяд төгрөг хүрч, 4.9 их наяд төгрөг буюу 22.1 хувиар өссөн нь өсөлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлж буй.
2025 оны дунд үеэс хойш эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт эрчтэй нэмэгдсээр энэ оны эхний улирлын эцэст өсөлт нь мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өмнөх үеийн түвшинд хүрээд байна.
Үүнээс гадна валютын харилцах данс дахь мөнгөний хэмжээ 5.9 их наяд төгрөг хүрч, оны өмнөхөөс 67.1 хувиар огцом өслөө.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр гуравдугаар сарын зээлийн зээлийн нийт үлдэгдэл 45.3 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өсжээ. Хоёрдугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад зээлийн өсөлт эрчимжээд байна.
Нийт зээлийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 5.1 хувьтай байгаа нь өмнөх саруудаас огцом өөрчлөлтгүй үзүүлэлт боллоо. Ерөнхийдөө 2024 оны зургаадугаар сараас хойш 4.8-5.9 хувийн хороонд хэлбэлзэж байна. Өнгөрсөн оны зун доод түвшнээсээ бага зэрэг нэмэгдээд байсан хэдий ч түүнээс хойш тогтвортой байгаа юм.