logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    "Хаан Даатгал" ХХК “Singapore Re”-тэй хамтран Монголд анх удаа “Баталгааны багцын давхар даатгал”-ын гэрээ байгууллаа
    Харилцагчийн мэдээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 13 18:53
    1134

    Зургийг: Хаан Даатгал

    Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан дэд бүтэц болон уул уурхайн төслүүд нэмэгдэхийн хэрээр Монголын даатгалын зах зээл эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байна. Энэ хүрээнд “Хаан Даатгал” ХХК болон Сингапур улсын “AА” зэрэглэлтэй давхар даатгагч "Singapore Re"-ийн хамтран хэрэгжүүлж буй Баталгааны багцын давхар даатгал нь дотоодын даатгалын салбар олон улсын зах зээлтэй уялдан хөгжиж, эрсдэл хүлээх чадварын хязгаарлалтыг даван туулах шилжилтийн томоохон илэрхийлэл болж байна.

    Монгол Улсын даатгалын салбар тогтвортой өсөлтөө хадгалж буй хэдий ч их хэмжээний хөрөнгө шаардсан томоохон хөгжлийн төслүүдийн эрсдэлийг хүлээн авах чадавх нь олон улсын давхар даатгалын зах зээлд нэвтрэх боломжоос өндөр хамааралтай хэвээр байна.

    Хураамжийн орлогоор хэмжихэд дотоодын даатгалын зах зээл жилд дунджаар 10-15 хувиар өсөж байгаа бөгөөд 2025 оны байдлаар салбарын нийт хөрөнгө 771.3 тэрбум төгрөг хүрчээ. Энэ нь өмнөх оноос 16.4 хувиар, 2021 онтой харьцуулахад 80 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч бүтцийн хувьд хөрвөх чадварын сорилт байсаар байна. Даатгалын компаниудын нийт хөрөнгийн 60.7 хувь буюу 468.1 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт эзэлж байгаа бол ердөө 4.9 хувь буюу 37.9 тэрбум төгрөг нь бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгөнд ногдож байна.

    Нийт 22 даатгалын компанитай, үүнээс цор ганц нь давхар даатгалын чиглэлээр ажилладаг зах зээлийн өнөөгийн нөхцөлд улсаас зарлагддаг олон тэрбум төгрөгийн өртөгтэй томоохон тендерүүдэд оролцохдоо өндөр дүнтэй, бэлэн баталгаа гаргах шаардлага үүсдэг. Гэвч даатгалын компаниудын ийм хэмжээний баталгаа гаргах чадвар нь тэдний санхүүгийн тайлан баланс, эрсдэл хүлээх дээд хязгаараас шууд хамааран харьцангуй хязгаарлагдмал байдаг.

    Иймд эрсдэлийн тодорхой хэсгийг олон улсын давхар даатгалын зах зээлд байршуулах замаар хөрөнгийн удирдлагыг илүү үр ашигтай хэрэгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэж байна.

    Багцын давхар даатгал хэрхэн ажилладаг вэ? 

    Томоохон төслүүдийн эрсдэл нь даатгагчийн тайлан баланс, эрсдэл хүлээх дээд хязгаараас давах магадлал өндөртэй байдаг тул жижиг зах зээлтэй орнуудад олон улсын давхар даатгалын зах зээлд эрсдэлийг хуваалцах зайлшгүй шаардлага үүсдэг. Ийм нөхцөлд давхар даатгалын бүтцийг хэрхэн оновчтой тодорхойлох нь онцгой ач холбогдолтой юм.

    Факультатив давхар даатгал нь эрсдэл бүрийг тус тусад нь даатгах уламжлалт хэлбэр бөгөөд шийдвэр гаргалт, зохион байгуулалтын хувьд цаг хугацаа их шаарддаг төдийгүй урьдчилан төлөвлөх боломж харьцангуй хязгаарлагдмал байдаг.

    Харин багцын давхар даатгал (treaty reinsurance) нь урьдчилан тохиролцсон нөхцөлийн хүрээнд эрсдэлийг багцаар нь шилжүүлж, даатгах боломж олгодог тул эрсдэл шингээх дээд хязгаарыг нэмэгдүүлэхээс гадна баталгааг илүү тодорхой, тогтвортой байдлаар төлөвлөх давуу талтай.

    Дотоодын зах зээлд нөхөн төлбөрийн хэмжээгээр тэргүүлэгч "Хаан Даатгал" ХХК нь Сингапурын “AA” зэрэглэлтэй давхар даатгагч "Singapore Re"-тэй хамтран энэ төрлийн гэрээт давхар даатгалын хэлцлийг байгуулснаар салбартаа анхдагчдын нэг боллоо.

    Ингэснээр тус компани баталгаа бүрд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүйгээр харилцагчдадаа баталгаа гаргах боломжтой болж, үйл ажиллагааны уян хатан байдал болон хурд, үр ашгаа нэмэгдүүлж байна.

    DSC02566.jpg

    “Хэдийгээр зах зээлд ихээхэн боломж байгаа ч зохицуулагч байгууллагын шаардлага, хязгаарлалтаас шалтгаалан даатгагчид балансдаа их хэмжээний хөрөнгө байршуулалгүйгээр эрсдэл хүлээн авах боломж нь хязгаарлагдах эрсдэлтэй байдаг. Харин багцын давхар даатгалд шилжүүлэг хэлбэрээр ашигласнаар эрсдэлийг олон улсын давхар даатгалын зах зээлд илүү үр ашигтайгаар хуваалцах боломж бүрддэг” хэмээн тус гэрээнд брокероор оролцсон "Mitsui Bussan Pana Harrison" компанийн Дэд захирал Жун Сумита онцолж байлаа.

    Цаг хугацааны хувьд энэхүү хамтын ажиллагаа нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Төсвийн хөрөнгө оруулалттай том төслүүд шил даран хэрэгжиж эхэлснээр тендер, гүйцэтгэл, урьдчилгаа төлбөрийн баталгааны эрэлт огцом өсөж байна. Баталгааг хэр шуурхай шийдэх нь тухайн тендерт ялж чадах эсэхтэй ихэвчлэн шууд хамааралтай байдаг. Харин "Хаан Даатгал" ХХК нь дээрх гэрээг байгуулснаар тендерийн баталгааг эх үүсвэр шаардахгүй, дүн заахгүйгээр түргэн шуурхай, олон улсын нэр хүндтэй даатгагчийн дэмжлэгтэйгээр шийдэж өгнө гэдгээрээ онцлог.

    “Давхар даатгал нь олон улсын зах зээл учраас Монголын зах зээлийг бусад улс орнуудтай харьцуулж, эрсдэлийн түвшнээр нь эрэмбэлдэг. Хэрэв Монголын зах зээлийн хэмжээ тэлсээр байвал тус улс руу илүү их анхаарал хандуулж, улмаар дотоодын даатгагчдад илүү таатай нөхцөл санал болгох боломж нэмэгдэнэ” хэмээн Жун Сумита онцолсон юм.

    Ингэснээр Монгол болон олон улсын даатгалын зах зээлийг холбосон давхар даатгалын тогтолцоонд "Хаан Даатгал" ХХК-ийн гүйцэтгэх үүрэг улам бүр чухал болж байна. 2025 онд тус компани 26.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь салбарын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд энэ дүнгийн талаас дээш хувийг давхар даатгалын компаниуд нөхөн төлсөн болохыг тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Оргил мэдээлжээ.

    Иймд "Хаан Даатгал" ХХК болон "Singapore Re"-ийн байгуулсан багцын давхар даатгалын хамтын ажиллагаа нь дотоодын даатгалын салбар олон улсын зах зээлтэй илүү гүнзгий интеграцчилагдаж, эрсдэл хүлээх чадварын хязгаарлалт буурах шилжилтийн чухал үе шат болж байна.

     

    Cэтгэгдэл бичих