
Зургийг: greendevelopment.mn
Ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ын бэлтгэл ажил 55.9 хувьтай явагдаж буйг ажлын албанаас нь мэдээллээ. Зохион байгуулах дэд хороод дундаас харилцаа холбоо хариуцсан дэд хорооны гүйцэтгэл хангалтгүй байгаа бол олон нийт, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний оролцох "Ногоон бүс"-ийн бэлтгэл ажил зогсонги байдалтай, мөн үйл ажиллагааны менежментийн ажил нь ч мөн зогсонги байгааг мэдээллээ.
"Ногоон бүс"-ийн санхүүжилт шийдэгдээгүй байгаа тул ажлыг үргэлжлүүлэн хариуцах боломжгүйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар онцлов.
“Ногоон бүс”-ийн гадна зохион байгуулалтын төсөв хараахан батлагдаагүй байгаа бол дотор тохижилтод нийт 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Зочдыг хүлээн авах байрны төсөв нийслэлийн 2026 оны төсөвт тусгагдсан боловч хүрэлцээгүй тул хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг БОУАӨЯ-нд тавьснаа илэрхийллээ.
Мөн хурлын оролцогчдод зориулан цахим визний шугам нээх бөгөөд визний хураамж авахгүй, цахимаар визээ урьдчилж авах боломжоор хангана гэж салбарын яам мэдээлэв.