
Зургийг: С.Батсайхан
Эрчим хүчний салбарт эхний ээлжид 600-700 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөр хуримтлагдаад байна.
2026-2027 оны өвлийн улиралд оргил ачааллын үед 200 МВт-ын чадлын дутагдал үүсэх эрсдэлтэй тул яаралтай шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулахыг зорьж байгаагаа салбарын яам мэдээллээ. Тухайлбал: шинээр батарей хуримтлуурын станц ашиглалтад оруулах юм.
Одоогоор өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой дутагдлыг нөхөх ажлыг гүйцэтгэх санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэж урьдчилсан байдлаар тооцоолсон. Мөн эхний ээлжид Сэлэнгийн 70 МВт-ын салхин цахилгаан станц ашиглалтад орох ч 150-200 МВт орчим дутагдал үүсэхээр байгааг Эрчим хүчний яам тодотгож байна.
Харин импортын эрчим хүчний тухайд ОХУ-аас 300 МВт буюу тулсан хэмжээнд импортолж байгаа, мөн БНХАУ-аас нэмэлтээр импортлох тухай хэлэлцэж байгааг онцлов.
Дотоодын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1600-1700 орчим МВт байгаа бөгөөд өнгөрсөн өвөл оргил ачааллын үеэр хэрэглээ 1803 МВт хүрсэн юм. Үүнээс гадна холбуулах хүсэлтэй эрчим хүчний хэмжээ 2100 МВт буюу суурилагдсан хүчин чадлаасаа ч их байгаа аж.
Үүнээс гадна дулааны үнийг өртөгт нь хүргэж, үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөж буй ч одоогоор хэдэн хувиар, хэзээнээс эхэлж нэмэгдүүлэх нь тодорхой болоогүй байгааг онцоллоо. Дулааны цахилгаан станцуудын нийт суурилагдсан хүчин чадал 2418 Гкал цаг байгаа ба Улаанбаатар хотын холбогдсон дулаан хангамж 3600 Гкал цаг буюу хүчин чадлаасаа 50 хувиар илүү ачаалалтай ажиллаж буйг “Улаанбаатар дулааны станц”ТӨХК мэдээлэв.