
Зургийг: Darko Bandic/AP Photo/Bloomberg
(Bloomberg) -- Унгар улсын сөрөг хүчний залуу нам сонгуульд түүхэн ялалт байгуулснаар Ерөнхий сайд Виктор Орбаны 16 жил үргэлжилсэн улс төрийн ноёрхлыг зогсоож, тус улсын Европын Холбоо, ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай тогтоосон харилцааг шинээр бичихээр боллоо.
Петер Мадьярын удирдсан "Тиса" нам Виктор Орбаны "эрх чөлөөг боомилсон" тогтолцоог нураах хатуу амлалтаараа иргэдийн дэмжлэгийг авч, Унгарын Парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлэхээр болж байна. Унгарын сонгуулийн албаны мэдээлснээр ням гарагт нийт саналын 90 хувь нь тоологдож, Парламентын нийт суудлын 69 хувийг "Тиса" нам, 28 хувийг Виктор Орбаны "Фидес" нам авсан нь тодорхой болжээ.
"Бид хамтдаа Виктор Орбаны босгосон системийг задалж чадлаа. Бид Унгарыг чөлөөлж, эх орноо эргүүлэн авах болно" хэмээн Петер Мадьяр сонгуулийн ялалтаа тэмдэглэж үг хэлэхдээ онцолжээ. Виктор Орбан сонгуулийн үр дүн "харамсалтай" байсныг илэрхийлж, мөн ялалт байгуулсан намд баяр хүргэсэн байна.
Европын Холбооны улсуудаас хамгийн удаан хугацаанд засаг удирдаж буй Ерөнхий сайд Виктор Орбаныг эрх мэдэлд нь үлдээх сонирхолтой Дональд Трамп, Владимир Путин нарт дээрх үр дүн цохилт болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Виктор Орбанд үзүүлэх дэмжлэгээ олон удаа бататгаж, сонгуулиас хэдхэн хоногийн өмнө Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийг кампанит ажилд нь туслуулахаар Будапешт руу илгээж байлаа.