
Зургийг: Mark Felix/Bloomberg
(Bloomberg) -- Техраны талтай хэлэлцээрт хүрч чадаагүйгээс болж АНУ Ормузын хоолойн хөдөлгөөнийг хаахаа мэдэгдсэнээр дэлхийн эрчим хүчний хямрал гүнзгийрэх төлөвтэй болж, газрын тосны үнэ эргэн эрчимжлээ.
Даваа гарагийн Азийн арилжаа нээгээд олон улсын жишиг брент төрлийн газрын тосны үнэ 8.6 хувиар цойлж, баррель нь 103 ам.доллар давав. Мөн WTI төрлийн газрын тосны үнэ найман хувиар өсөж, баррель нь 104 ам.долларын түвшинд арилжаалагдаж байна.
Үүний зэрэгцээ Саудын Араб улс Улаан тэнгисээр дамжуулан нефть экспортлох чухал шугамд тооцогддог зүүн-баруун хоолойн хүчин чадлыг бүрэн сэргээснийг мэдээллээ. Ингэснээр өдрийн дүнгээр долоон сая баррель нефть олборлож буйг тус улсын Эрчим хүчний яам мэдэгдсэн байна.
Харин даваа гарагт Азийн арилжаа нээгдэхэд Европын байгалийн хийн фьючерс ханш 18 хүртэлх хувиар эрчимжиж, мегаватт цаг тутамд 51.30 евро хүрлээ. Энэ долоо хоногоос эхлэн байгалийн хийн арилжааны цагийг 10 цаг байсныг 21 цаг болгож уртасгасан горимд шилжүүлээд байна.
Ойрх Дорнодын мөргөлдөөн дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтэд ойролцоогоор 20 хувьд доголдол үүсгээд буй. Тус бүс нутгийн байгалийн хийн гарцын дийлэнх нь Азийн орнуудыг чиглэдэг тул Ормузын хоолойн саатал урт хугацаанд үргэлжилбэл тус түүхий эдийн нөөц бүрдүүлэлтийн төлөөх өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байна.
Хоёрдугаар сарын эцсээр АНУ Иранд анх цохилт өгснөөс хойш Европын шингэрүүлсэн байгалийн хийн үнэ 50 гаруй хувиар эрчимжээд байгаа юм. Хэдий тийм боловч гуравдугаар сарын 19-ний оргил түвшнээсээ 30 гаруй хувиар буурсан хөдөлгөөнтэй байна.