
Зургийг: cgtn.com
БНХАУ-ын Төрийн зөвлөл Өвөр Монголын Өөртөө Засах Оронд туршилтын чөлөөт худалдааны бүс шинээр байгуулах төлөвлөгөөг баталсныг “Xinhua” агентлаг мэдээллээ. Тус улс чөлөөт худалдааны бүсийнхээ тоог үндэсний хэмжээнд ийнхүү 23 хүргэсэн нь хөрш улсуудтайгаа хийх хил дамнасан худалдааг нэмэгдүүлэхэд чиглэсэн дорвитой алхам болж байна.
Шинэ чөлөөт худалдааны бүс нь 120 км.кв орчим талбайг хамрах бөгөөд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөххот, ОХУ-тай хиллэх Манжуур, Монгол Улстай хиллэх Эрээн гэсэн гурван байршил дахь дэд бүсээс бүрдэх аж.
Төлөвлөгөөнд чөлөөт худалдааны бүсийг дотоодын болон олон улсын зах зээлийг холбосон олон зориулалттай платформ байдлаар ашиглах бөгөөд цаашид хил дамнасан худалдааны цогц төв болгоход чиглэсэн өргөн хүрээтэй шинэчлэлүүд авч хэрэгжүүлэхийг онцолжээ.
"Ерөнхий төлөвлөгөөгөөр БНХАУ-ын хойд зүгийн үүд хаалга болсон Өвөр Монголын Өөртөө Засах Орны газарзүйн байршлын давуу талыг институцын хүчин чадал болгон ашиглахыг зорьж байгаа" хэмээн БНХАУ-ын Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны академийн Ахлах судлаач Жоу Ми онцолсныг “Global Times” мэдээлжээ. Мөн шинэ чөлөөт худалдааны бүс хил дамнасан логистик, аж үйлдвэрийн холболтыг сайжруулснаар “Бүс ба зам” санаачилга болон БНХАУ-Монгол Улс-ОХУ-ын Эдийн засгийн коридорын хөтөлбөрт оролцогч хөрш улсуудад шинэ боломжууд нээнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийт худалдааны эргэлт 2025 онд 6.4 хувиар өссөн нь улсын дунджаас 2.6 нэгж хувиар өндөр үзүүлэлт болохыг БНХАУ-ын гаалийн статистик харуулж байна. Мөн Эрээн-Замын-Үүд боомтоор 2025 онд нийт орсон, гарсан зорчигчдын тоо түүхэн дээд түвшинд хүрснийг тус боомтын захиргаанаас мэдээлж байв. Тодруулбал: оны эхнээс 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацаанд тус боомт нийт 2.596 сая зорчигч, 693 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 9.2 болон 12.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ.