
Зургийг: Үндэсний Аудитын Газар
Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 8.4 их наяд төгрөгийн 648 зөрчил илэрснийг Үндэсний аудитын газар мэдээллээ.
Үүнээс 323 зөрчилд буюу 5.9 их наяд төгрөгт албан шаардлага, 612.9 сая төгрөгт төлбөрийн акт, 152.6 тэрбум төгрөгт хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлжээ. Мөн 2.4 их наяд төгрөгт хамаарах 228 зөвлөмж өгсөн бол таван асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шийдвэрлэсэн байна.
Төрийн өмчийн томоохон компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг харвал нийт 5.3 их наяд төгрөгийн зөрчил илэрч, хязгаарлалттай дүгнэлт өгчээ.
Мөн МИАТ ТӨХК-д нийт 178.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна. Тайлант хугацаанд тус компанийн орлогын төлөвлөгөө 98.2 тэрбум төгрөгөөр тасарч, нэг их наяд гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой, 32.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан аж.
Үүнээс гадна Дулааны III цахилгаан станцын санхүүгийн тайланд 28.3 тэрбум төгрөгийн алдаа илэрснийг залруулах зөвлөмж өгчээ. Тус компани 2025 онд 209.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 20 орчим хувиар өссөн үзүүлэлт болж буй ч 2.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг аудитын тайланд дурдсан байна.