logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийн Банк: Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2026 онд удааширч, 5 хувь болно
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 10 08:30
    310

    Зургийг: Э.Тэнгис

    Дэлхийн Банк: Дунд хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх, дотоод эрэлт харьцангуй тогтворжих хүлээлттэй байгаа тул Монгол Улсын эдийн засаг 2027-2028 онд дунджаар 5.5 орчим хувиар өсөх төсөөлөлтэй байна

    2025 онд эрчтэй сэргэсэн Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын тогтворжлыг даган 5.0 хувь болж саарах бөгөөд цаашид геополитикийн зөрчил, түүхий эдийн үнийн савлагаа зэрэг гадаад орчны нөлөөллөөс шалтгаалж өсөлтийн төлөвийг бууруулж болзошгүй эрсдэлүүд өндөр байх төсөөллийг Дэлхийн Банк Монголын эдийн засгийн шинэ тойм тайландаа онцолжээ.

    “Оюу Толгой”-ийн зэсийн үйлдвэрлэл эрчээ авсны зэрэгцээ мал аж ахуйн салбар зудын хорогдлын дараа огцом сэргэсэн нь нүүрсний экспортын бууралт, гадаадын сул хөрөнгө оруулалтыг нөхөж, 2025 онд 6.9 хувьтай гарсан эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн юм. Харин энэ онд өсөлтийн эдгээр хөдөлгөгч хүч хэвийн түвшиндээ очсоноор өсөлт таван хувь руу буурна гэж үзжээ.

    unnamed.jpg

    Уул уурхайн салбарын идэвхжил, улирлын чанартай нөлөөллийн ачаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний сард 8.6 хувиар, хоёрдугаар сард 7.6 хувиар өсөж, сүүлийн хэдэн жилд харагдаагүй эрчийг үзүүлж буй.

    Дэлхийн Банкны таамагласнаар дотоодын тогтвортой эрэлт болон төрийн оролцоотой төсөл, хөтөлбөрүүдийн зарцуулалт, бүтээн байгуулалт нь эдийн засгийн өсөлт тогтолцооны хувьд тэсвэртэй байхад гол дэмжлэг болох төлөвтэй. Тиймээс дунд хугацаанд буюу 2027-2028 онд өсөлт 5.5 хувь орчимд тогтворжино гэж үзжээ. Хэдий тийм боловч уул уурхайн томоохон  төслүүдийн ажил дууссанаар гадаадын шууд хөрөнгө оруулалт удааширч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ойрын хугацаандаа хязгаарлагдмал байх төлөвтэйг тэмдэглэсэн байна.

    Геополитик, худалдааны тодорхойгүй байдал, таваарын үнийн савлагаанаас үүдэж гадаад орчны нөлөөллийн төлөв сөрөг тал руу хэвийж буйг мөн анхааруулжээ.

    Харин дотоодод төсвийн сул бодлого өсөлтийг түр хугацаанд эрчимжүүлэх ч инфляцыг дахин өдөөж, урсгал дансны алдагдлыг тэлж, цаашлаад мөнгөний хатуу бодлого хадгалагдах нөхцөлд хүргэж болзошгүй гэж үзсэн байна. Макро эдийн засгийн дарамт их байгаагаас Монголд инфляц 2026 оны турш 8.5 хувь орчимд өндөр хадгалагдах төсөөллийг Дэлхийн Банк гаргажээ.

    Cэтгэгдэл бичих