
Зургийг: Э.Тэнгис
Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийн 2026 оны өсөлтийн төсөөллөө таван хувь болгон буурууллаа. Дэлхийн зах зээлд эрчим хүчний үнэ өсөж, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй геополитикийн тодорхой бус байдал өндөр байгаа ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2026 онд тогтвортой хадгалагдах төлөвтэйг сүүлийн тайландаа онцолсон байна. Тодруулбал: уул уурхай болон хөдөө аж ахуйн салбар тогтворжиж, эдийн засаг 5.0 хувиар өсөх хүлээлттэй байна.
Харин уул уурхайн бус салбарын үйл ажиллагааг дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлчилгээний салбар дэмжинэ гэж үзжээ.
Хувийн хөрөнгө оруулалт бизнесийн зээлээр дэмжигдэх төлөвтэй ч “Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалт дууссанаар гадаадын шууд хөрөнгө оруулалт саарах төлөвтэйг анхааруулсан байна.
Дунд хугацаанд буюу 2027-2028 онд томоохон дэд бүтцийн төслүүд болон дотоод эрэлтийн өсөлтөөс шалтгаалан эдийн засгийн өсөлт дунджаар 5.5 хувь орчимд хүрнэ гэж Дэлхийн Банк төсөөлжээ. Хэдий тийм боловч эдийн засгийн төлөвт сөрөг эрсдэл давамгай хэвээр байгааг тодотголоо. Гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилбэл экспорт, эрэлт сулрах, зардал болон үнэ өсөх, өсөлт саарах эрсдэлтэй.
Харин дотоодод төсвийн зардал хэт өсвөл богино хугацаанд өсөлтийг дэмжих ч гадаад тэнцвэрийг алдагдуулж, инфляцыг нэмэгдүүлэх магадлалтайг анхааруулжээ.
Нийлүүлэлтийн гаралтай үнийн “шок” нь нийт иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлөх төлөвтэй. Сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд татварын томоохон хэмжээний хөнгөлөлт үзүүлэх зэргээр төсөвт шингээх нь "хэтэрхий эрсдэлтэй" гэж Дэлхийн Банкны эдийн засагчид үзэж байна.
Макро орчны нөлөө хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа энэ нөхцөлд, эмзэг бүлгийн иргэдийн худалдан авалтыг дэмжих бодлого нь үр дүнтэй гэж үзжээ.
Шатахуун болон махны үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц 8.5 хувь орчимд хүрэх ч бодлогын хатуу төлөв инфляцыг бууруулах чиглэлд нөлөөлөхөөр байгааг Дэлхийн Банк тайландаа мэдээлэв.