
Зургийг: weforum.org
Аж ахуйн нэгж, бизнесүүд үйл ажиллагаандаа байгальд ээлтэй шилжилт хийж чадвал энэ нь 2030 он гэхэд жилд 10 их наяд ам.долларын боломж бий болгож, өсөлт, өрсөлдөх давуу тал олгоно гэж Дэлхийн Эдийн Засгийн Форумын шинэ судалгаанд онцолсон байна.
Уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол, бохирдолтой тэмцэх зэрэг байгаль орчинд ээлтэй арга хэмжээ авах нь бизнесийн уян хатан байдал бий болгохоос гадна шинэ боломжууд авч ирнэ гэдгийг бизнесүүд улам бүр хүлээн зөвшөөрч буй. Хэдий тийм боловч компаниудын хөрөнгийн зарцуулалт хаашаа чиглэж байгааг харахад энэ чиглэлд арга хэмжээ дутагдалтай хэвээр байна.
2023 онд аж ахуйн нэгжүүд байгаль орчинд хортой үйл ажиллагаанд 7.3 их наяд ам.долларын хөрөнгө оруулсан нь байгаль хамгааллын санхүүжилтэд зарцуулсан 220 тэрбум ам.доллароос хамаагүй өндөр үзүүлэлт боллоо. Байгаль орчинд ээлтэй бус санхүүжилтийн дийлэнхийг хаалттай компаниуд бүрдүүлж байна. Хаалттай компаниуд байгаль орчинд ээлтэй бус санхүүжилтэд 4.9 их наяд ам.доллар зарцуулсан ч байгальд ээлтэй шийдлүүдэд ердөө 23 тэрбум ам.доллар оруулжээ. Санхүүжилтийн үлдсэн 90 хувийг нээлттэй компаниуд гаргасан байна.
Энэхүү санхүүжилтийн зөрүү нь системийн эрсдэл болон эдийн засгийн алдагдсан боломжийн өртгийг нь илэрхийлж байна. Байгальд ээлтэй санхүүжилтийн ихэнх нь байгаль хамгаалал, нөхөн сэргээлтэд чиглэгддэг. Гэсэн ч эдийн засгийн бүх салбарт байгальд ээлтэй бизнесийн сүлжээнд хөрөнгө оруулахын тулд санхүүжилтийн хамрах хүрээг өргөжүүлэх шаардлагатай.
2024 оны байдлаар буюу хамгийн сүүлийн тооцоогоор дэлхийн ногоон эдийн засаг буюу байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг нээлттэй компаниудын үнэлгээ найман их наяд ам.доллар хүрчээ. Эдгээр компанийн хувьцааны ханш бусад нээлттэй компаниудтай харьцуулахад 59 хувиар өндөр өсөлт үзүүлсэн байна.
Эрсдэлийг зохицуулахын зэрэгцээ байгальд ээлтэй шилжилт хийхийн тулд байгууллагууд үйл ажиллагаагаа байгальд ээлтэй болгох шаардлага үүсээд байгаа юм. Дэлхийн Эдийн Засгийн Форумын судалгаагаар эдгээр боломжууд нь 2030 он гэхэд жилд 10.1 их наяд ам.долларын орлого бий болгох боломжтой гэж тооцоолж байна.