
Зургийг: С.Батсайхан
Улаанбаатар хотын инфляц гуравдугаар сард эргэн эрчимжиж, өмнөх сараас 1.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өслөө. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх оны гуравдугаар сард 10.1 хувь байсан бол энэ оны гуравдугаар сард ийнхүү 7.3 хувь болж, өсөлтийн хурдац нь өмнөх оны мөн үеэс 2.8 нэгж хувиар буурсан байна.
Инфляцын гол хөдөлгүүр нь энэ удаад хүнсний бүлэг барааны үнийн өсөлт байлаа. Гуравдугаар сард хүнсний бүлэг барааны үнэ 15.3 хувиар өссөн нь 2023 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Энэ дундаас мах, махан бүтээгдэхүүний үнэ хамгийн ихээр нэмэгдээд байгаа юм. Түүнчлэн импортын хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр өсөлттэй байна.
Гуравдугаар сард тээврийн үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурсан ч хоёрдугаар сартай харьцуулахад нэлээд эрчимжсэн байна.
Улаанбаатар хотод бараа үйлчилгээний үнийн өсөлт хоёрдугаар сард зургаан хувьтай гарч, сүүлийн 17 сарын доод түвшинд хүрээд байсан юм. Тээврийн үйлчилгээ болон орон сууц, ус, цахилгааны үнийн өсөлт саарсан нь үүнд голлон нөлөөлж байв.
Дэлхий даяар газрын тосны хомсдол нүүрлэсэн нь түлш импортлогч орнуудад хүндээр тусаж буй. Монгол Улсад ч дизель түлшний үнэ өссөн нь цаашид тээврийн салбарын үнийн өсөлтөд нөлөөлөхөөр байна.