
Зургийг: Gabby Jones/Bloomberg
(Bloomberg) -- “Meta Platforms” хиймэл оюуны хамгийн сүүлийн үеийн загвараа танилцууллаа. Энэ нь тус компани хиймэл оюуны технологи хөгжүүлэлтээр өрсөлдөгчдөө гүйцэх олон тэрбум ам.долларын төлөвлөгөө танилцуулснаас хойших анхны загвар болж байна.
Өндөр хүлээлт үүсгээд байсан “Muse Spark” загварыг “Meta Platforms”-ийн хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлт хариуцсан “Meta Superintelligence Labs” багийнхан бүтээжээ.
“Muse Spark” нь “Meta Platforms”-ийн хиймэл оюуны чатботыг ажиллуулах бөгөөд хаалттай загвар тул тус компанийн өмнөх нээлттэй эхийн загваруудаас ялгаатай. Хиймэл оюуны загварын кодчилол, дизайныг олон нийтэд ил болгохгүй гэсэн үг аж.
Энэхүү загвар нь Марк Закербергийн шинэ хиймэл оюуны лаборатори болох “Meta Superintelligence Labs”-ийн анхны томоохон туршилт болж байна.
Тэрбээр өнгөрсөн онд хэд хэдэн удаагийн бүтэлгүйтлийн улмаас “OpenAI”, “Anthropic PBC”, “Alphabet”-ийн “Google” зэрэг өрсөлдөгчдийнхөө ард хоцорсон юм. Тиймээс “Scale AI” төлөвлөгөөний хүрээнд хиймэл оюунд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдэж Александр Вангийг багтаа элсүүлээд буй.
Түүнээс хойш Марк Закерберг хиймэл оюуны инженерүүд, ажиллах хүчинд олон тэрбум ам.доллар зарцуулж, дата төв зэрэг дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд байна.
“Meta Platforms” компани хиймэл оюуны нэгжийнхээ үйл ажиллагааг уян хатан байлгах, судлаачдад бие даасан байдал олгох замаар менежментийн нүсэр зохион байгуулалтын бүтцийг багасгахыг хичээсэн гэж тус компанийн Гүйцэтгэх захирал мэдээлсэн юм.
Энэхүү мэдээллийн дараа Нью-Йоркийн биржид “Meta Platforms”-ийн хувьцааны ханш зургаан хувиар өсөөд байна.