
Зургийг: tmkenergy.com.au
"Гурвантэс XXXV" төслийн хийн олборлолт гуравдугаар сард 48 хувиар өсөж, өдөрт 1350 метр куб хий олборлосон нь түүхэн дээд амжилт болсныг “TMK Energy” компани мэдээллээ.
Үүнээс гадна тус компани Ашигт малтмал, газрын тосны газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Энэ хүрээнд Өмнөговьд байрлах метан хийн "Гурвантэс XXXV" төслийн 2025 оны ажлын үр дүн, 2026 оны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж, зөвшөөрөл олгожээ. Ингэснээр ашиглалтын лиценз авах, олборлосон хийгээ эрчим хүч үйлдвэрлэлд нийлүүлэх чиглэлд томоохон ахиц гаргаж байна.
“TMK Energy” одоогоор үйл ажиллагааны шаардлагатай шинэчлэлтүүдийг хийхээр төслийнхөө хийн гарцыг түр хязгаарлаад байгаа аж.
"Энэ онд цооногуудынхаа тоог нэмэгдүүлж, хийгээ эрчим хүч болгон үйлдвэрлэх туршилтыг эхлүүлнэ" гэж тус компанийн Монгол дахь “Telmen Resource”-ийн Гүйцэтгэх захирал ц.Наран-Учрал хэлж байлаа.