
Зургийг: Alex Brandon-Pool/Getty Images
(Bloomberg) -- Ираны дайнд талууд эцсийн мөчид гал зогсоох тохиролцоонд хүрснээр олон улсын зах зээлүүд амсхийж, газрын тосны үнийн дарамт хөнгөрлөө. Мөн Ойрх Дорнодод дахиад олон хүний амь эрсдэхээс аврагдаж байна.
Техран Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээсний хариуд АНУ, Ираны талууд хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрч, дайныг улам хурцатгах Ерөнхийлөгч Дональд Трампын сүрдүүлэг биеллээ олохоос ам мөлтөс зайлсхийж чадав.
Зуучлагч Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр талыг гал зогсоох хэлэлцээрт хүрэхийг ятгасан нээлттэй уриалга гаргаснаас хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч Дональд Трамп тохиролцооны нөхцөлийг зөвшөөрч байгаагаа сошиал хуудсаараа дамжуулан зарласан юм. Үүнээс өмнө Дональд Трамп Иранд тохиролцоонд хүрэх, эсвэл “улсаа там болгох” хоёр хувилбар тулгасан эцсийн хугацаа өгөөд байв.
Гал зогсоох тохиролцоо нь дайсагнагч талуудад олон хүний аминд хүрч, дэлхийг эрчим хүчний хямрал руу хөтөлсөн мөргөлдөөнөө зогсоох урт хугацааны гэрээ байгуулах цаг гаргаж өгч байна. Хоёр тал хоёулаа энэхүү тохиролцоог өөрийн талын ялалт мэтээр тайлбарлаж буй ч дайныг бүрэн зогсооход шаардлагатай нөхцөлүүд дээр санал зөрөлдөх асуудлууд маш олон хэвээр болохыг эксперт хэлж байна.
Иран Ормузын хоолойг нээхээр зөвшөөрсөнтэй зэрэгцэн газрын тос, байгалийн хийн ханш огцом унаж эхэллээ. Лхагва гарагт брент төрлийн газрын тосны үнэ 16 хүртэлх хувиар буурч, баррель нь 95 ам.доллар болсон бол Европт байгалийн хийн фьючерс ханш 20 хувь давж унасан нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр дүнтэй уналт болов.
Харин дайны тодорхойгүй байдлын мананд буруу эргэлт хийхээс эмээж байсан хөрөнгө оруулалтын фирмүүд Дональд Трампын мэдэгдлийн дараа бондууд, AI салбарын хувьцаанууд руу хошуурч, ам.доллароо зарж эхэлжээ. Мөн Ази, Номхон далайн бүсийн хувьцаануудын индекс гуравдугаар сарын эхэн үеийн түвшиндээ эргэн очсон бол “Bitcoin”-ийн ханш гурван долоо хоногийн дээд түвшинд хүрч өслөө.