
Зургийг: С.Батсайхан
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гангийн цогцолбор байгуулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэлээ. Сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалт 806 сая ам.доллар байна. Төслийн хөрөнгө оруулалтаа найман жилийн хугацаанд нөхнө гэж тооцоолжээ.
Монгол Улсад энэ төрлийн туршлагатай аж ахуйн нэгж байхгүй тул олон улсын туршлагатай этгээдтэй хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.
Тухайн цогцолбор нь Дархан-Уул аймагт байрлах бөгөөд хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Тиймээс үйлдвэр барих 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах чиглэлийг Дархан-Уул аймагт өглөө.
“Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах хэмжээний хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно. Гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар цементийн өртөг хоёр дахин буурна. Барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг бууруулах, импортын хамаарлыг багасгах, 1700 орчим байнгын ажлын байр бий болгох аж үйлдвэрийн төсөл гараанаас гарахад бэлэн болж байна” гэж салбарын сайд тодотголоо.
Мөн алт цэвэршүүлэх үйлдвэрийн олон улсын сонгон шалгаруулалтыг зарлахад бэлэн болж буйг мэдээллээ. Түүнчлэн зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт эцсийн шатандаа орсныг онцлов.
Үүнээс гадна энэ онд 150 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн хадгалах сав ашиглалтад оруулах зорилт тавьсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тодотголоо.
Харин ирэх оны мөн үед нийт дүнгээрээ 250 тонн нефтийн бүтээгдэхүүн буюу нэг сарын хэрэглээг хадгалах нөөцийн сав ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.