
Зургийг: Carla Gottgens/Bloomberg
(Bloomberg) -- АНУ болон Ираны тал хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа брент төрлийн газрын тосны үнэ арилжаа нээгээд 16 хувиар буурч, баррель нь 100 ам.доллароос доошилж, сүүлийн байдлаар 91.70 орчим ам.доллароор арилжаалагдаж байна. Мөн WTI төрлийн газрын тосны үнэ 13.6 хувиар суларч, баррель нь 95-97 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
Энэ нь сүүлийн зургаан жилийн хамгийн гүн уналтад тооцогдож байгаа ч хоёрдугаар сарын эцсээр дайн эхэлсэн үеийн ханштай харьцуулахад 40 хувиар дээгүүр түвшинд хадгалагдаж байна.
Үүний зэрэгцээ OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн орнуудын түүхий нефтийн олборлолт гуравдугаар сард сүүлийн 40 орчим жилийн хамгийн өндөр дүнгээр буурчээ. “Bloomberg”-ийн судалгаагаар тус бүлгийн орнуудын газрын тосны олборлолт өдрийн 7.56 сая баррель буюу ойролцоогоор 25 хувиар буурч, 22 сая баррель болсныг тооцоолсон байна.
Түүнчлэн Ормузын хоолойн тээвэрлэлтийг хязгаарласнаас үүдэн дөрөвдүгээр сард Ойрх Дорнодын гол үйлдвэрлэгч орнуудын өдрийн есөн сая гаруй баррель газрын тосны олборлолт зогсонги байдалд орохоор байгааг АНУ-ын Засгийн газар тооцоолоод байсан аж.
Хэдий тийм боловч АНУ гал зогсоох тохиролцооны хариуд Техран Ормузын хоолойг эргэн нээхээр санал нэгдсэн учраас ирэх хоёр долоо хоногийн хугацаанд талууд хэрхэн хэлэлцээрийг эцэслэхээс хамааран газрын тосны үнийн хөдөлгөөнийг чиглүүлэхээр болж байна.