
Зургийг: mongolia.gov.mn
Зэсийн экспорт сайн үзүүлэлтээ хадгалж, нүүрсний экспорт түүхэн дээд түвшинд хүрсний нөлөөгөөр Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний улиралд 2.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 5.2 дахин өслөө.
Нийт экспортолсон бараа, бүтээгдэхүүний үнийн дүн 4.9 тэрбум ам.доллар хүрч, 62 хувиар өссөн байна. Харин импорт үл ялиг буурч, 2.5 тэрбум ам.доллартой тэнцжээ.
Тайлант хугацаанд 740.4 сая ам.долларын үнийн дүнтэй 11.1 сая тонн нүүрс хилээр гаргасан нь сарын дүнгээр нүүрсний экспортын түүхэн дээд түвшин болсон байна.
Ойрх Дорнодын дайны улмаас БНХАУ нүүрсний импортоо эрчимжүүлж, нөөцөлж буйг Монголын нүүрсний ассоциацийн Ерөнхийлөгч Б.Бямбадагва “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм. Энэ нь одоогоор нүүрсний экспортыг дэмжиж буй ч цаашид БНХАУ нөөцөлж дуусахад экспорт буурах эрсдэлтэйг тэрбээр онцолж байв.
Харин зэсийн экспорт тэргүүн байраа хадгалсаар байна. Гуравдугаар сард 230.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, үүнээс 783.5 сая ам.долларын орлого олжээ.
Дайны улмаас зэсийн ханш Лондоны Металлын биржид бага зэрэг буураад байгаа ч өндөр түвшинд хэвээр байна. Томоохон банкнуудаас зэсийн ханшийн төсөөллөө үл ялиг багасгасан хэдий ч энэ оны төсөвлөсөн ханшаас илт дээгүүр хадгалагдаж байна.
2026 оны эхний улиралд 650.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 2.2 тэрбум ам.долларын орлоготой байгаа нь өнгөрсөн оныхоос 2.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт боллоо.