
Зургийг: NASA/Bloomberg
(Bloomberg) -- NASA-ийн "Artemis" хөтөлбөрийн сарыг тойрсон туршилтын нислэг хүлээлтээс давсан амжилттай болсон ч хөлгийн багийнханд хүндрэл учруулсан ганц технологи нь жорлон байжээ.
"Artemis II" нислэгийн багийнхныг авч явж буй “Lockheed Martin” компанийн бүтээсэн "Orion" хөлөг нь "Universal Waste Management System" (UWMS) хэмээх ариутгах татуургын системээр тоноглогдсон байна. Сансрын нисэгчдийн 10 хоногийн турш ашиглах жорлон нь Олон улсын сансрын станцад ашигладаг жорлонтой ерөнхийдөө ижил аж. Хэдий тийм боловч тэрхүү төвөгтэй бүтэцтэй хэрэгслийг нислэгийн үеэр ном журмаар нь ажиллуулна гэдэг олон давтагдах асуудал болж хувирчээ.
UWMS нь хөнгөнөөр бие засахад зориулагдсан юүлүүр ба уян хоолой, хүндээр бие засах зориулалттай энгийн бүтэцтэй суултуураас бүрдэж буй. Сансрын нисэгчид бичил таталцлын орчинд байгаа учраас бохирыг жорлон руу татаж, капсулыг цэвэрхэн байлгахад агаарын урсгал гол үүрэг гүйцэтгэдэг байна.
"Artemis II" нислэгийн эхний өдөр хөлгийн багийнхан сансарт хөөрсний дараагаас л жорлонд асуудал үүсэж эхэлжээ. Хөлгийн багийн гишүүн, өөрийгөө наргиа болгож "сансрын сантехникч" хэмээн нэрлэсэн Кристина Кох дэлхий дээрх хяналтын багийн туслалцаатайгаар жорлонг ажиллуулж чадсан байна. Асуудлын гол нь жорлонгийн шахуургад байж таарсан бөгөөд ашиглахад бэлэн болгохын тулд ус нэмж хийх шаардлага гарчээ.
"Ус нэмж хийгээд шахуургыг дүүргэсний дараа жорлон шууд ажиллаж эхэлсэн" хэмээн "Artemis II"-ийн хөөрөх нислэгийн удирдагч Жадд Фрилинг хэлж байлаа. Гэсэн ч энэ нь эндүүрэл байж, жорлонгийн ажиллагаа дахин доголдож эхэлжээ.
Олон улсын сансрын станцад бохир усыг хаалттай тойргийн системээр цэвэршүүлээд дахин ашиглах боломжтой байдаг. Харин "Artemis II"-т бохир усыг тодорхой давтамжтайгаар хөлгөөс гаргаж хаях ёстой аж. Хөлгийн багийнхны хийсэн энэхүү бичлэгээс хаягдал ус цонхоор гялалзан өнгөрч байгааг харж болно.
Ус зайлуулах тэдгээр шугамын нэг нь тооцоолоогүй үед ажиллагаагүй болсон байна. NASA-ийн тайлбарласнаар шугамын хошуу хэсэгт мөс хуримтлагдаж бөглөсөн байж болзошгүй аж. Тиймээс NASA асуудалд шийдэл олж байх хугацаанд хөлгийн багийнхан хөнгөнөөр бие засахдаа жорлон ашиглахгүй байх шаардлагатай болжээ. Гэхдээ хөлгийн багийнхан нөөц хэрэгсэл болох "Collapsible Contingency Urinals" нэртэй, урт хоолой хэлбэртэй уутыг ашиглах боломжтой аж.
"Шээс цуглуулах сав ердөө оффисын жижигхэн хогийн сав шиг хэмжээтэй. Тиймээс бид жорлонг дахин ашиглахын тулд заавал бүх шингэнийг нь хоослох шаардлагатай болсон" гэж "Orion" хөлгийн хөтөлбөрийн туслах менежер Дебби Корт мэдээлж байлаа.
Мөн NASA-ийн тэргүүн Жаред Айзекмен ням гарагт CNN телевизэд өгсөн ярилцлагадаа "Сансарт бид ер бусын олон зүйлийг хийж болно. Харин жорлонгийн асуудлыг шийдэх нь бидний зайлшгүй ажиллах шаардлагатай зүйл болж байна" хэмээн онцолжээ.