
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улс 2026-2032 оны хугацаанд тогтвортой байдлын тодруулгын олон улсын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэх замын зураг боловсрууллаа. Энэхүү стратегийг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран боловсруулсан байна.
Төлөвлөгөөнд компанийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэм, засаглалын нөлөөллийг ил тод тайлагнах "IFRS S1 болон S2" стандартуудыг нэвтрүүлэхээр тусгажээ. Ингэснээр Монгол Улс олон улсын хөрөнгө оруулалт татаж, уур амьсгалын амлалтуудаа биелүүлэх, засаглалын ил тод байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр онцоллоо.
Эдгээр стандартыг эхний ээлжид банк, санхүүгийн байгууллагууд, Төрийн өмчийн томоохон компаниудад нэвтрүүлж, улмаар 2032 он гэхэд 500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахаар төлөвлөсөн байна. Мөн тайлагналын системийг цахимжуулж, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг зорьж байгаа аж.
Стандартыг шинэчилснээр Монгол Улс тогтвортой байдлын тайлагналаар бүс нутагтаа тэргүүлэх боломжтой гэж үзэж байна.
Монгол Улсын мөрдөж буй өнөөгийн хууль эрх зүйн орчинд тогтвортой байдлын тодруулгын стандартыг нэвтрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн ч албан журмаар мөрдөх шаардлагыг хараахан тусгаагүйг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр онцолсон байна.
Албан шаардлага бий болгохын тулд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж болзошгүйг тайланд дурджээ.