
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2026 оны эхний улиралд 1.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Тайлант хугацаанд уул уурхайн биржийн борлуулалт нь эрс өсжээ. Нийт 44.9 сая ам.долларын бүтээгдэхүүн биржээр борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 дахин өссөн дүн боллоо.
Тус компани энэ оны I улиралд нийт 11.3 сая тонн хүдэр олборлож, 10.1 сая тонныг боловсруулсан байна. Ингэснээр 145.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.6 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж,үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 104 хувиар давуулжээ.
Үйлдвэрийн олборлолт болон борлуулалт нэмэгдсэнээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого нь 42 хувиар нэмэгдэж, 438.9 тэрбум төгрөг хүрснийг мэдээлэв.