
Зургийг: jpmorgan.com
Төлбөр тооцооны салбарт гарч буй шилжилтүүд нь бизнес эрхлэгчдэд үр ашгаа сайжруулж, үнэ цэнээ нэмэгдүүлэх боломж олгож буйг “JPMorgan Chase” онцоллоо. Тус банкны шинэ судалгаанд 2026 оны голлох төлбөрийн трендүүдийг тусгасан байна. Тухайлбал: блокчэйн технологи хурдтай хөгжиж буйтай холбоотойгоор токенжуулсан хөрөнгийн хэрэглээ ихээхэн өсөхөөр байгаа аж.
“Fortune 500” жагсаалтад багтдаг томоохон компаниудын 60 орчим хувь нь хадгаламжийн токен, Төв банкны дижитал валютын хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг замаар блокчэйн технологийг нэвтрүүлэхийг зорьж байна.
Ирэх жилүүдэд хөрөнгийн токенжуулалт өссөө, бонд, үнэт цаас, репо зэрэг хөрөнгийн ангиллуудыг токенжуулан, блокчэйн сүлжээнд нэгтгэх боломж бүрдэж магадгүйг “JPMorgan Chase” тодотгосон юм.
Түүнчлэн агент төрлийн хиймэл оюун нь хэрэглэгчдийн худалдан авалт хийх хэв маягийг ихээхэн өөрчлөхөөр байгааг дээрх судалгаанд дурдсан байна. 2030 он гэхэд АНУ-ын зах зээл дэх нийт цахим худалдан авалтын 15-25 хувийг хиймэл оюуны агентууд хариуцан гүйцэтгэдэг болно гэж таамагласан байна.