
Зургийг: С.Батсайхан
“Баянгол зочид буудал” ХК 2025 онд 10.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа Монголын Хөрөнгийн биржид тайлагнасан байна. Энэ нь 2024 оныхоос 200 орчим сая төгрөгөөр буурсан үзүүлэлт боллоо. Тайлант хугацаанд цэвэр ашиг нь 29 сая төгрөгөөр өсөж, 3.7 тэрбум төгрөг хүрчээ.
Жуулчдын эрэлт нэмэгдсэн хэдий ч хүний нөөцийн хомсдол, үйл ажиллагааны өртгийн өсөлт, зардлын дарамт зэрэг асуудал үргэлжилсэн хэвээр байгааг тус компани дурдсан байна. Тиймээс гадаадаас ажиллах хүч нэмэх, борлуулалтаа нэмэгдүүлэх хүрээнд олон улсын сувгуудаа нэмэх зэрэг ажлыг эрчимжүүлж буйгаа тодотгов.
“Баянгол зочид буудал” нь нийт 203 өрөөтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жил бүрийн наймдугаар сард ачаалал дээд түвшинд хүрч, 100 хувийн дүүргэлттэй байдгийг онцолж байсан юм.
Харин аяллын бус улирлуудад ойролцоогоор 60-70 хувийн дүүргэлттэй, үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг гадаад жуулчид бүрдүүлдэг байна. Тухайлбал: өнгөрсөн оны есдүгээр сард 4700 орчим зочин хүлээн авсны 126 нь дотоод, бусад нь гадаадын иргэд байснаас дийлэнх нь АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ болон Японы жуулчид байсан аж.
Энэ онд тус компани буудлын барилга, байгууламждаа тодорхой хэмжээний засвар хийж, дотоод заслаа өөрчилж, сайжруулахыг зорьж буйгаа онцоллоо.
"Баянгол зочид буудал" ХК-ийн хувьцааны ханш энэ он гарсаар 30 мянган төгрөг давсан хөдөлгөөнөө хадгалж байна.