
Зургийг: tlj.mn
БНСУ-ын “CJ Foodville” компанийн нарийн боов үйлдвэрлэлийн "Tous les Jours" брэнд Азийн орнууд дахь мастер франчайз бизнестээ тогтвортой өндөр өсөлттэй ажиллаж, Монгол, Индонез зэрэг улсын зах зээл өсөлтийг манлайлж байгааг “The Korea Herald” мэдээлжээ.
"K-Bakery"-ийг олон улсад гаргасан анхлагчдын нэг тус брэнд дотоодын түнш “Артизан” ХХК-тай франчайз гэрээ байгуулан Монгол Улсын зах зээлд нэвтрээд 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Энэ хугацаанд “Tous les Jours” 1.7 сая гаруй ширхэг бялуу борлуулсан нь Монголын хоёр иргэн бүрд нэг бялуу ногдох хэмжээний үзүүлэлт болохыг онцолж байна.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар “Tous les Jours” Монголд 24 салбараа нээгээд байгаа бөгөөд оны эхний улиралд тус компанийн брэндинг шинэчлэлийн дагуу зарим салбарууддаа засвар, шинэчлэл хийснээ мэдээллээ.