
Зургийг: NASA/Bloomberg
(Bloomberg) -- NASA-ийн "Artemis" хөтөлбөрийн дөрвөн сансрын нисэгч сарыг тойрох аяллаа дуусгаад дэлхийдээ буцахаар хөдөлснийг мэдээллээ. Энэхүү аялал нь хүн төрөлхтөн сансрын уудамд хамгийн хол явсан дээд амжилтыг шинэчлээд зогсохгүй сүүлийн 50 гаруй жилд сарны гадаргууд хамгийн ойртож очсон аялал болж түүхэнд үлдэж байна.
"Хөлөг дэлхийг чиглэн хөдөллөө. Та бүхнийг гэрт тань хүргэхэд бэлэн" хэмээн "Artemis II"-ийн нөөц багийн гишүүн, Канадын сансрын агентлагийн сансрын нисэгч Женни Гиббонс сарыг тойрон гарч ирсэн хөлгийн багийнханд хандан мэдэгджээ.
"Artemis II" нислэгийн "Orion" капсулд суусан сансрын нисэгчид сарны гадаргууд хамгийн багадаа 6545 км зайд ойртсоныг NASA-ийн тооцоолол харуулж байна. Зүйрлэж хэлбэл сар хөлгийн багийнханд гараа сунгавал бариад авахаар сагсан бөмбөгтэй ойролцоо хэмжээтэй харагджээ.
Түүнчлэн сансрын хөлөг дэлхийгээс хамгийн ихдээ 406,771 км зайтай холдсоныг NASA-ийн тэргүүн Жаред Айзекмен сошиал хуудастаа нийтэлсэн байна. "Apollo 13" хөлгийн багийнхан 1970 онд дэлхийгээс 400,170 км зайнд аялснаараа өмнөх дээд амжилтыг эзэмшдэг байсан юм.
NASA-ийн мэдээлснээр ирэх онд төлөвлөсөн “Artemis III” нислэгээр сансрын нисэгчид дэлхийн тойрог замд капсул болон саран дээр газардагч төхөөрөмжийг холбох дадлага хийнэ. Харин 2028 онд төлөвлөсөн “Artemis IV” нислэгээр сансрын нисэгчид Нил Армстронгийн анх хөл тавьсан газар дахин алхах оролдлого хийх юм.