
Зургийг: Lorena Sopena Lopez/Anadolu via Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- 2026 оны газрын тосны их хямрал тав дахь долоо хоногтойгоо золгож, дэлхий даяар олон хотууд удаан үргэлжлэх төлөвтэй шатахуун, түлшний үнийн өсөлтийн нөлөөг бууруулахаар төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал: Мельбурн хот нийтийн тээврийн галт тэрэг, автобус, трамвайн тасалбарыг түр хугацаанд үнэгүй болгох замаар “замын ачааллыг бууруулж, түлшний хэрэглээний дарамтыг хөнгөлөх” арга хэмжээ авч байгааг Австралийн Викториа мужийн захирагч Жасинта Аллан мэдээлжээ. Эсрэгээрээ Бангкок хотын гатлага завины компаниуд дизель түлшний үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор тасалбарын үнээ нэмсэн байна.
Европт Брюссель хотын захиргаанаас иргэдийг гэрээсээ ажиллаж, автомашины хэрэглээгээ багасгахыг уриалсан бол Францын хууль тогтоогчид тээврийн салбарт олгох түлшний татаас зэргийг багтаасан тусламжийн багц төсөв баталжээ. АНУ-ын Жоржиа муж 60 хоногийн хугацаанд шатахууны нэмэлт татварыг тэглэхээр болсон байна. Тус улсад шатахууны дундаж үнэ 2022 оноос хойш анх удаа галлон нь дөрвөн ам.доллар давсантай холбоотойгоор бусад хэд хэдэн муж дээрх арга хэмжээг авахаар судалж буй.
Олон Улсын Эрчим Хүчний агентлагаас иргэдийг нийтийн тээврээр зорчих, унаагаа хуваалцах, зайнаас ажиллах, хурдны замын дээд хурдны хязгаарыг бууруулах зэрэг зөвлөмжийг өгсөн байна. Судалгаагаар автомашины хурдыг цагт 10 км-ээр бууруулахад нэг жолоочийн шатахууны хэрэглээ 5-10 хувиар буурдаг тооцоо гарчээ.
Шатахуунд төлөх үнэ нэмэгдэхэд нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо дагаад нэмэгддэг болохыг дэлхийн түүхэнд урьд тохиосон газрын тосны хямралууд харуулдаг. 1973 оны их хямралын үеэр Нидерландын эрх баригчид ням гараг бүр автомашины хөдөлгөөнийг хориглож, улмаар иргэд унадаг дугуйг ихээр хэрэглэх болсон нь тус улсын өнөөгийн зам, тээврийн дэд бүтцийн өвөрмөц онцлог бий болгосон юм.
Салбарын экспертүүд олон улсад газрын тосны үнэ цаашид илүү өндөр түвшинд хүрч өснө гэж тооцоолж байгаа энэ үед бодлого тодорхойлогчид шатах түлшнээс хамааралтай байдлыг бүр мөсөн бууруулж, дараагийн хямралаас иргэдийг хамгаалах энэхүү өөрчлөлтийн том боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй гэж идэвхтнүүд уриалж байна.