
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрлээ. Тодруулбал: гуравдугаар сарын 14-нөөр эцэслэсэн долоо хоногт тэтгэмж үргэлжлүүлэн хүсэгчдийн тоо 32 мянгаар буурч, 1.8 сая болсон байна. Энэ нь 2024 оны тавдугаар сараас хойших хамгийн бага түвшин болов.
Харин шинээр тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт 5000-аар нэмэгдэж, 210 мянга хүрснийг тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ.
Шинээр тэтгэмж хүсэгчдийн тоо сүүлийн нэг жилийн хамгийн доод түвшинд дөхөөд буй нь ажлаас халагдах хөдөлгөөн бага байгааг харуулж байна.
Салбараар нь авч үзвэл технологийн компаниудын цомхотгол гуравдугаар сард үргэлжлэн өсөж, бусад салбаруудыг тэргүүлжээ. Энэ нь компаниуд хиймэл оюуны чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, орон тоогоо цомхотгож байгаатай холбоотой аж.
Технологийн салбарын ажил олгогчид гуравдугаар сард 18,720 ажлын байр цомхотгохоо зарласан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн дүн болсныг “Challenger, Gray & Christmas” мэдээлжээ. Ингэснээр тус салбарын нийт цомхотгол энэ оны эхний улирлын байдлаар 52 мянгаас давж, 2023 оноос хойших дээд түвшинд хүрсэн байна. Бүх салбарын хэмжээнд нийт цомхотголын дөрөвний нэгийг хиймэл оюунтай холбоотой шалтгаан эзэлж байгаа аж.