
Зургийг: Э.Тэнгис
2026 оны I улирлын эцсээр Монгол Улсын гадаад валютын албан нөөц 7.18 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрлээ. Өнгөрсөн оны мөн үед валютын нөөцийн хэмжээ таван тэрбум ам.доллартой тэнцэж байсан бөгөөд түүнээс хойш 43.9 хувиар буюу хоёр тэрбум ам.доллароор нэмэгджээ.
2025 оны эхээр гадаад валютын албан нөөцийн хэмжээ эрс буурсан ч оны эцэст анх удаа долоон тэрбум ам.доллар давсан юм. Харин гуравдугаар сарын байдлаар үүнээс 182.5 сая ам.доллароор өссөнийг Монголбанк мэдээллээ.
Одоогийн түвшинд байгаа нөөц нь валютын төлбөртэй барааны импортын найман сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын зургаан сарын хэрэгцээнд хангалттай. Түүнчлэн богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь хангах түвшинд байна.
Сүүлийн жилүүдэд экспортын уул уурхайн гол бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр өсөлттэй байгаатай зэрэгцэн Монгол Улсын валютын орлого ч нэмэгдэж буй. Тухайлбал: 2022 оноос хойш гадаад валютын албан нөөц хоёр дахин нэмэгджээ.
Хоёрдугаар сарын статистик үзүүлэлтээс харвал мөнгөжсөн алт нийт нөөцийн 20 хувь буюу 1.4 тэрбум ам.доллар бүрдүүлсэн байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд алтны ханш түүхэн өсөлттэй байгаа юм. Ингэснээр Монгол Улсын нөөц дэх алт биет хэмжээгээр өнгөрсөн оны мөн үеэс 19 хувиар нэмэгдсэн ч үнийн дүнгийн хувьд хоёр дахин өсжээ.