
Зургийг: ParliamentMN
УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж буйг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан ч Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн өргөн барьсан УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх, УИХ-ын даргыг 64 гишүүний саналаар нэр дэвшүүлж сонгох заалт бүхий УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх болон бусад асуудалд байр сууриа нэгтгэх шаардлагатай. Мөн 126 гишүүнтэй Парламентын даргыг ямар ч хэлэлцүүлэг, асуулт хариултгүйгээр сонгохоор дэглэсэн байгаа нь учир дутагдалтай гэж үзэж буйгаа Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тодотголоо.
Таван нам эвслээс бүрдсэн Парламентыг удирдах спикер төвч байр суурьтай, намынхаа дотоод улс төрөөс ангид байх ёстой. Мөн УИХ-ын даргад нэр дэвшигчийг аль нэг нам биш Парламент дотроосоо нэр дэвшүүлж, илээр санал хураан сонгох ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн.
С.Бямбацогт 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр тасралтгүй таван удаа сонгогдож, Засгийн газарт Хууль зүй, Зам, тээврийн хөгжлийн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм.
Тэрбээр УИХ дахь таван нам эвслийн эв нэгдэл, зөвшилцөж ойлголцох талд илүү идэвх санаачилгатай ажиллана гэдгээ тодотголоо.
МАН-аас УИХ-ын даргад С.Бямбацогттой хамт УИХ-ын гишүүн С.Амарсайхан нэр дэвшихээр яригдаж байсан ч С.Амарсайхан нэрээ татсан талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлсэн юм.