logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Дональд Трамп Ираны дайныг дуусгах хугацааны талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 02 15:15
    568

    Зургийг: Alex Brandon/Bloomberg

    Дональд Трамп: Ормузын хоолойгоор тээвэрлэж буй газрын тос АНУ-д хэрэггүй тул Европын Холбоо болон Азийн улс орнууд тус хоолойг эргүүлэн нээхийн тулд гар бие оролцох хэрэгтэй

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ард иргэддээ хандаж Ираны дайны асуудлаар мэдэгдэл хийлээ. Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш таван долоо хоног өнгөрч буй энэ үед түүний хийсэн мэдэгдэл өөрийн Засгийн газрын  үйл ажиллагаа хамгаалсан өнгө аястай байлаа. Ираны дайн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, түлш шатахууны үнийн өсөлтөд түлхэц болсон байна.

    Дайны үйл ажиллагаа сунжрах вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа энэ үед Дональд Трамп олон нийтийг тайвшруулах гэж оролдсон  ч түүний хэлсэн үгэнд шинэ мэдээлэл байсангүй. Хөрөнгө оруулагчид АНУ, Израилын цэрэг Иранаас гарах тодорхой хугацаа хэлэх болов уу гэсэн хүлээлттэй байсан ч энэ талд мэдээлэл өгсөнгүй. Харин ирэх хоёр, гурван долоо хоногт Ираны цахилгаан станцууд, дэд бүтцэд илүү хүчтэй цохилт өгөх зэрэг түрэмгий арга хэмжээ авахаа амлав.

    Түүнчлэн Дональд Трамп дайны талаар ямар ч шинэ үндэслэл, тайлбар танилцуулсангүй. Харин Ираны цэргийн болон цөмийн хөтөлбөрийг устгахыг зорьсон гэдгээ дахин илэрхийллээ.

    Ормузын хоолойг нээх тодорхой төлөвлөгөө ч танилцуулсангүй. Дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байгаа гэж мэдээлсэн ч мөргөлдөөнийг зогсоох талаар ямар ч гарц, гаргалаа, шинэ мэдээлэл өгсөнгүй. Мөн Ормузын хоолойгоор тээвэрлэж буй газрын тос АНУ-д хэрэггүй тул Европын Холбоо болон Азийн улс орнууд тус хоолойг эргүүлэн нээхийн тулд гар бие оролцох хэрэгтэй гэж мэдэгдлээ.

    Дональд Трамп намынхаа дотоод улс төрийн санаа зовнилыг хүлээн зөвшөөрч, сүүлийн өдрүүдэд галлон нь дөрвөн ам.доллар давсан шатахууны үнийн талаар товчхон дурдлаа. Дайн дуусахад “эрчим хүчний үнийн үнэ огцом буурч, хувьцаануудын үнэ эргэн сэргэнэ” гэж мэдэгдэв.

    Харин хөрөнгө оруулагчдын хувьд АНУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэлд эсрэг хариу үйлдэл үзүүлсэн гэж хэлж болохоор байна.  Түүнийг үг хэлж байх үед газрын тосны үнэ өсөж, Засгийн газрын бондуудын үнэ унасан юм. Ам.долларын ханш чангарсан бол хувьцаанууд мөн унав.

    "Засгийн газар энэ илтгэл зах зээлийг тайвшруулж, эрчим хүчний үнийг бууруулна гэж найдаж байсан ч илтгэлийн үеэр эрчим хүчний үнэ таван хувиар өслөө. Хэрэв АНУ Ормузын хоолойг нээж, аюулгүй болгохгүй бол өөр хэн тэгэх вэ?” гэж Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байсан Марк байр сууриа илэрхийллээ.

    Үүнээс гадна Дональд Трамп  илтгэлийнхээ төгсгөлд "Энэ аймшигт аюулаас ангижрахын тулд бид Иран руу богино хугацааны айлчлал хийх хэрэгтэй болох нь” гэж хэлсэн нь анхаарал татаж байна.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

    Бид эхлүүлсэн ажлаа маш хурдан хугацаанд дуусгах болно. Бид маш ойрхон ирээд байна. Ойрх Дорнод дахь холбоотон улсууддаа талархал илэрхийлмээр байна. Израил, Саудын Араб, Катар, Эмират, Кувейт, Бахрейн бүгд гайхалтай байлаа. Манай холбоотнууд ямар нэгэн байдлаар хохирол амсахыг би яасан ч зөвшөөрөхгүй. АНУ-ын цэргийн ажиллагааны зорилтуудыг биелүүлэхэд маш ойрхон байна, нэг их удахгүй. Бид ирэх 2-3 долоо хоногт Иран руу маш хүчтэй довтлох болно. Бид тэднийг байх ёстой чулуун зэвсгийнх нь үе рүү буцаад аваачна. Энэ зуур яриа хэлэлцээ үргэлжилж байна. Төрийн дэглэмийг өөрчлөх нь бидний зорилт биш байсан л даа. Гэхдээ удирдагч нь амиа алдсан болохоор дэглэм нь солигдсон.

    Одоогоор бид тэдэнтэй ямар ч зөвшилцөлд хүрээгүй байна. Бид Ираны гол байршлуудыг хараандаа авсан. Хэрвээ хэлцэлд хүрэхгүй бол бид бүх цахилгаан станцуудад нь маш хүчтэй цохилт өгнө, магадгүй нэгэн зэрэг довтолж ч магадгүй. Хэдийгээр Ираны газрын тосны байгууламжууд хамгийн амархан бай боловч бид онилоогүй. Учир нь тэгчихсэн бол тэдэнд амиа зогоох, эсвэл сэргээн засварлах өчүүхэн боломж ч үлдэхгүй шүү дээ. Бид довтлоод бүрэн устгачхаж болох л байсан. Тэдэнд хийж чадах зүйл байхгүй байх байсан. Тэдэнд агаарын довтолгооноос хамгаалах систем байхгүй, радар нь ч 100 хувь ажиллагаагүй болсон. АНУ-ын зэвсэгт хүчнийг зогсоох арга зам гэж үгүй” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих