
Зургийг: David Paul Morris/Bloomberg
Монгол Улсын шатахууны гол ханган нийлүүлэгч “Роснефть” компанийн бүтээгдэхүүний хил үнэ дөрөвдүгээр сард төрлөөсөө хамаараад 441-648 ам.доллароор өссөн байна. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээлд энгийн АИ-92-оос бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ 500-2200 төгрөгөөр нэмэгдэж, литр тутмыг нь 4100-5300 төгрөгөөр борлуулах нөхцөл үүссэнийг Ерөнхий сайд Н.Учрал Төсвийн байнгын хороонд танилцуулсан юм.
“Иймд яаралтай хариу арга хэмжээ авахын тулд Засгийн газарт гаалийн албан татварын хувь хэмжээ тогтоох эрх олгох шаардлагатай. Шатахууны гаалийн албан татварыг тэглэснээр үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр бууруулахад нөлөөтэй гэж тооцоолж буй”-г онцоллоо.
Үнийг хэт хөөрөгдүүлэхгүйн тулд эхний ээлжид АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмсэн. Цаашид зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж нэмэгдэх магадлал байгааг салбарын яам мэдээлж байв.
Уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2026 онд гурван сая тонн, 2027 онд 3.1 сая тонн хүрэх төлөвтэй байна.
Тогтоолд нэмэлт оруулах төслийг Төсвийн байнгын хороо дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.