
Зургийг: Aaron Schwartz/CNP/Bloomberg
(Bloomberg) -- Эдгээр өдрүүдэд зах зээл итгэл, цөхрөлийн хооронд дэнжигнэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Ираны дайныг хоёроос гурван долоо хоногийн дотор дуусгавар болгоно гэж харж байгаагаа мэдэгдэв. Мөн АНУ цэргийн ажиллагааны зорилтуудаа ерөнхийд нь биелүүлсэн тул Ормузын хоолой дахь асуудлыг бусад улсуудад үлдээх санаа илэрхийллээ.
Ийнхүү дэлхийн зах зээлийг донсолгож, эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг боогдуулсан Ойрх Дорнодын зөрчил төгсгөлдөө ойртож буй найдлага нэмэгдсэнээр “Wall Street”-ийг даган Азийн бүсийн хувьцаанууд сүүлийн нэг жилд байгаагүйгээр огцом өсөж, бондуудын ханш дээшиллээ.
Харин газрын тосны үнэ унаж, тэр дундаа брент төрлийн газрын тосны фьючерс ханш долоо хоногт анх удаа баррель нь 100 ам.доллароос доош оров. Ормузын хоолой хаалттай хэвээр, мөн бүс нутагт АНУ-ын цэргийн хүч нэмэгдэж ирснийг үл харгалзан газрын тосны үнэ буурсан нь энэ юм.
Ирэх долоо хоногуудад Иран АНУ-тай тохиролцоонд хүрэх бололцоо байсаар байгааг Дональд Трамп илэрхийлсэн ч дайныг дуусгахад заавал Техрантай гэрээ хийх шаардлагагүйг хэлсэн байна.
Мөн Иран улс цөмийн зэвсэг хөгжүүлэх боломжгүй болсон цагт АНУ тэндээс явах ба Ираны одоогийн удирдлага нь дайны өмнө байсан дэглэмээс хамаагүй дээр гэж үзэж буйгаа мөн нэмж дурджээ. Хэдий тийм боловч зах зээлийн энэ өсөлт урт настай гэж тооцоолох нь тун гэнэн хэрэг болно.
Өмнөх өдрүүдэд Дональд Трамп зөрүүтэй мэдээлэл гэж юу байдгийг утгаар нь үзүүлж, Техрантай хийх дипломат яриа хэлэлцээ ахицтай байгаа гэж байнга мэлзэх ч Иранд өгөх цохилтыг эрчимжүүлнэ гэж сүрдүүлсээр ирсэн юм.