
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюунд суурилсан технологийн эрэлт нэмэгдэж, хагас дамжуулагчийн нийлүүлэлт дээд түвшинд хүрснээр гуравдугаар сард БНСУ-ын экспорт өсөлтөө үргэлжлүүллээ.
Гадаад эрсдэл нэмэгдэж буй энэ үед БНХАУ болон АНУ-ын импортын эрэлт өндөр байсан нь тус улсын эдийн засгийг дэмжиж, экспортын өсөлтийг хадгалахад түлхэц болсон байна.
Ажлын өдрийн зөрүүг тохируулж тооцсон дүнгээр гуравдугаар сард БНСУ-ын экспорт өмнөх оны мөн үеэс 41.9 хувиар ерөнхий нийлбэр дүнгээр 48.3 хувийн өсөлт үзүүлснийг тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ. Харин импорт нь тухайн хугацаанд 13.2 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр БНСУ-ын худалдааны тэнцэл 25.7 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Өсөлтийг голчлон хагас дамжуулагчийн салбар бүрдүүлсэн байна. Хагас дамжуулагчийн нийлүүлэлт 151.4 хувиар эрс цойлж, 32.8 тэрбум ам.доллар хүрсэн нь шинэ дээд түвшин боллоо. Мөн автомашин, газрын тосны бүтээгдэхүүн, компьютерын экспорт ч дээшилсэн байна.
Гол зах зээлүүдээс АНУ-д чиглэсэн экспорт 47.1 хувь, БНХАУ руу 64.2 хувиар өссөн нь дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож буй. Хэдий тийм боловч Ираны дайнтай холбоотойгоор газрын тосны үнэ өсөж, импортын зардал нэмэгдэх, инфляц өсөх эрсдэл нэмэгджээ. Үүний зэрэгцээ зарим төрлийн шатахууны экспорт буурч, нефть-химийн бүтээгдэхүүний өсөлт харьцангуй саарсан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар ойрын хугацаанд БНСУ-ын экспорт тогтвортой хэвээр байх ч хагас дамжуулагчийн үнийн хэлбэлзэл болон геополитикийн нөхцөл байдал цаашдын гол эрсдэлд тооцогдсон хэвээр байх аж.