
Зургийг: ХХААХҮЯ
Энэ долоо хоногийн эхний байдлаар зах, худалдааны төвүүдэд үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 26 мянга 976 төгрөг, хонины нэг килограмм ястай мах 21 мянга 984 төгрөгөөр худалдаалагдаж буйг Нийслэлийн статистикийн газар мэдээллээ.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад махны үнэ 1.5-1.7 хувиар өссөн бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад үхрийн махны үнэ 35 хувиар, хонины махны үнэ 28 орчим хувиар өсжээ.
Махны үнэ ийнхүү эрчимтэй өсөж буй нь инфляцад нөлөөлөхөөр байна. Өнгөрсөн намар махны үнэ улирлын хандлагаа даган буураагүй нь хүнсний инфляц өсөхөд нөлөөлж, хоёрдугаар сард хүнсний инфляц улсын хэмжээнд 12.1 хувь, Улаанбаатар хотод 12.8 хувь хүрч эрчимжсэн юм.
Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд мах, ногоо хадгалах зоорь, хөргүүртэй агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх нь чухал байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд тодотгож байсан юм.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ онд есөн аж ахуйн нэгж 5000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэснээс 40 хувь үхрийн мах, 60 хувь хонины мах, үнийн хувьд хонины мах нэг килограмм нь 13 мянган төгрөг, үхрийн мах 15 мянган төгрөг байхыг НЗДТГ мэдээлж байв.
Өмнөх жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас борлуулдаг байсан бол энэ онд махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт буюу хоёрдугаар сард эхэлсэн юм.