
Зургийг: tavantolgoi.mn
“Тавантолгой” ХК сүүлийн дөрвөн жилийн хамгийн тааруу үзүүлэлттэй тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн онд тус компанийн цэвэр ашиг 2024 оныхтой харьцуулахад 55.7 хувиар буурч, 183 тэрбум төгрөгт хүрснийг Монголын Хөрөнгийн биржид хүргүүлсэн аудитлагдсан санхүүгийн тайлангаас нь харж болохоор байна.
2025 онд нүүрсний үнэ эрс унаж, нүүрс олборлогчдын хувьд оны эхний хагас жил нэлээд хүндрэлтэй байсан юм. Хэдий тийм боловч оны сүүлийн хагас жилд нөхцөл байдал дээрдсэнтэй зэрэгцээд “Тавантолгой” компани 2025 оны борлуулалтынхаа 73 хувийг сүүлийн зургаан сард хийж гүйцэтгэсэн байна.
Тус салбарын төлөөлөгчид цаашид нүүрсний зах зээл харьцангуй тогтвортой байна гэж төсөөлж буй нь энэ онд “Тавантолгой” ХК-ийн борлуулалт хэвийн түвшинд байх хүлээлт бий болгож байна.
Монголын Хөрөнгийн биржийн “Топ-20” индексэд бүртгэлтэй тус компанийн хувьцааны ханш энэ оны эхэнд өсөх хандлагатай байж түүхэн дээд түвшинд дөхөөд байсан ч хоёрдугаар сарын дунд үеэс хойших арилжаагаар уналтад орсон дүр зурагтай байна.