
Зургийг: ParliamentMN
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал ойрын хугацаанд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулахаар байна. Тэрбээр даваа гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн асуултад хариулах үедээ өмнөх Засгийн газруудын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг харгалзан кабинетаа бүрдүүлэхээ мэдээлсэн юм.
Мөн ерөнхий чиг үүргийн дөрвөн яамнаас бусад нь Дэд сайдгүй ажиллахыг онцолж байв. Ардчилсан намын зүгээс ч Засгийн газрын бүтцийг цомхотгож, Дэд сайдгүй ажиллахыг шаардаж байгаа. Ингэснээр томилогдоод гурав, дөрөвхөн сар болж буй зарим Дэд сайд албан тушаалаасаа буух нь. Ерөнхий чиг үүргийн яаманд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яам багтдаг.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардан авснаар бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж эхэлсэн бөгөөд Засгийн газартаа хамтран ажиллах урилгыг ХҮН намд албан ёсоор гардуулжээ. ХҮН нам төлөөллийн төв байгууллагаараа өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэхээ мэдээлсэн. “Урт хугацаанд тогтвортой ажиллах, хөрөнгө оруулалт, бизнесүүдээ дэмжих Засгийн газартай хамтрах сонирхол байгаа” гэж ХҮН намын дарга Т.Доржханд байр сууриа илэрхийлсэн юм.