
Зургийг: Монголын Мянганы Сорилтын Сан
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Усны компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжиж, албан ёсоор хаалтаа хийлээ.
Компакт төсөл төлөвлөсөн хугацаандаа, батлагдсан төсөвтөө амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамж ойролцоогоор 64 сая шоо метр буюу өнөөгийн түвшнээс 80 хувиар нэмэгдэх боломж бүрдэж байна.
Төслийн хүрээнд Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг 2026 оны гуравдугаар сарын 16-нд албан ёсоор нээж, цэвэр усыг хэмнэх, дулааны цахилгаан станцуудыг техникийн усаар хангах шинэ боломжтой болсон юм.
Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны томоохон туршлага болоод зогсохгүй, цаашид аж үйлдвэрлэлийн бусад олон салбарт дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлэх, гүний усны нөөцөө хэмнэж, ирээдүй хойчдоо хадгалж үлдээх, улмаар Туул голын эко системийг тэтгэх үнэлж баршгүй ач холбогдолтой юм.
Төслийн үр дүнд Монгол Улсын усны бодлогын нэгэн томоохон зорилт биеллээ олж буй бөгөөд Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэр бий болж байна.
Дэд бүтцийн хоёр томоохон төслийн нэг Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том эх үүсвэр болон анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулаад байгаа юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт тохируулга үргэлжилж буй бөгөөд ирэх тавдугаар сард нээлтээ хийхэд бэлэн болоод байна.
Цаашид усны үйлчилгээний салбар зардлаа нөхөх чиглэлд тогтвортой байдлын төлөвлөгөөг боловсруулж ажиллана гэж салбарынхан мэдээлж байлаа.