
Зургийг: NASA/Getty Images
(Bloomberg) -- Америкийн сансрын нисэгчид хамгийн сүүлд 1972 онд саран дээр хөл тавьсан юм. Үүнээс хагас зуун жилийн дараа NASA тэнд эргэн очиж, дахин нэг удаа “том алхахаар” бэлтгэж байна.
АНУ-ын сансрын агентлаг “Artemis II” хэмээн нэрлэгдсэн нислэгээ Флорида мужийн “Kennedy” сансрын буудлаас наанадаж дөрөвдүгээр сарын нэгний өдөр үйлдэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлсэн юм. Дээрх нислэгээр "Boeing" компанийн бүтээсэн “Space Launch System” пуужин, "Lockheed Martin" компанийн бүтээсэн “Orion” хөлгийн багийн капсулыг туршина. Хоёр төхөөрөмж хамтдаа Эрх чөлөөний хөшөөнөөс ч өндөр. “Orion”-д дөрвөн сансрын нисэгч сууж, сарыг тойрон аялаад дэлхийд эргэн ирэх юм.
“Энэ тээврийн хэрэгсэлд хүн суух учраас ямагт чухал асуудал байх болно” хэмээн NASA-ийн арилжааны зориулалттай сансрын хэлтсийн захирал асан Фил МакАлистер хэлж байлаа. NASA “Artemis II”-ийн хөөргөлтийг бүр хоёрдугаар сард төлөвлөж байсан ч техникийн асуудлаас болж хойшлоод байсан юм.
Хэрэв амжилттай болбол энэ аялал нь сансрын нисэгчдэд магадгүй хоёр жилийн дараа гэхэд Нил Армстронгийн “нэг том үсрэлт”-ээ хийсэн газар дахин алхах замыг засна. Гэхдээ үүнээс урьтаж олон зүйл санаснаар төгс бүтэх ёстойн сацуу их хэмжээний мөнгө хэрэг болох юм.
“Artemis” хөтөлбөр нь өмнөх “Apollo” хөтөлбөрийн нислэгүүдийг тодорхойлж байсан гал цогтой хүсэл эрмэлзлийг сэргээх ёстой байлаа. Гэсэн хэдий ч эхэлснээсээ хойш энэ хөтөлбөр нөхөөс, засвараар дүүрч, зардлын хэтрэл, хугацаа хойшлолтод ороогдсон юм. “Artemis”-ийн анхны нислэг 2017 онд төлөвлөгдсөн байсан ч таван жилээр хойшилсон. Ажлыг эрчимжүүлж, төсвийн сахилга батыг хангахын тулд NASA газардагч төхөөрөмж, сансрын нисэгчийн хувцас хийлгэх гэрээ байгуулахдаа өөр арга барил туршсан ч хөгжүүлэлтийн хурд төдийлөн нэмэгдээгүй байна.
“Үүнийг засах цор ганц зам бол хөтөлбөрт том өөрчлөлт оруулах явдал. Өөрөөр хэлбэл саран дээр буух товыг багадаа дахиад хоёр жилээр хойшлуулах байж болно” хэмээн NASA-ийн Агаарын орон зайн аюулгүй байдлын зөвлөх хорооны гишүүн Пол Шон Хилл онцолсон байна.
Хэдий тийм боловч саран дээр буух “Artemis” хөтөлбөр NASA-ийн ирээдүйг тодорхойлно гэж олон хүн найдаж байна. Армстронг тэргүүтэй сансрын нисэгчдийг саран дээр хүргэсэн “Apollo” хөтөлбөр нь АНУ Хүйтэн дайнд стратегийн давуу байдал олж авах хүчин чармайлтын нэг хэсэг байлаа. Харин өдгөө “Artemis” нь NASA Америкийн аж үйлдвэр, энтрепренериализмын хүчийг ашиглаж саран дээр аж төрөх аргыг нээх үү, цаашлаад Ангараг дээр бууж чадах уу гэдгийг харуулах юм.
Хөтөлбөрийн өртөг үлэмж их бөгөөд өсөн нэмэгдсээр л байна. Хамгийн сүүлийн тооцооллоор SLS пуужин, “Orion” капсулыг ашиглах зардал нь “Artemis”-ийн эхний дөрвөн хөөргөлт тус бүрд дөрвөн тэрбум ам.доллар давахаар байна. Тэрбумтнуудын удирдсан шинэ үеийн сансрын компаниудтай хийх гэрээ, саяхан танилцуулсан саран дээрх бааз зэрэг бусад зардлууд мөн л тэрбум тэрбумаар яригдана. Одоогоор хөтөлбөрийн эцсийн зардал 93 тэрбум ам.доллар хүрэх тооцоотой.
АНУ саран дээр эргэн очихын тулд урт хугацааны түнш "Boeing", "Lockheed" компаниудаас гадна Илон Маскийн "SpaceX", Жефф Безосын "Blue Origin" компаниудад хандах шаардлагатай болсон юм. Нас залуу фирмүүдийн шинэ санааг өөрсдийн хөгжүүлсэн технологитой нэгтгэснээр цаг, мөнгө хэмнэнэ гэж найдаж байлаа. Хэдий тийм боловч үр дүн нь одоогийн байдлаар тийм ч гойд бус байна.
"SpaceX", "Blue Origin" компаниуд заавал сансарт түлшээр цэнэглэх шаардлагатай газардагч төхөөрөмж нийлүүлэх санал тавьсан. Энэ нь практикт батлагдаагүйгээс гадна хугацаа дахин хойшилж магадгүйд NASA сэтгэл дундуур байсан тул хоёр компани хоёул саналаа шинэчилr тавьсан байна. NASA-ийн шинэ тэргүүн, финтек салбарын тэрбумтан Жаред Айзекмен “Artemis”-ийн дараагийн үе шат буюу сансрын нисэгчдийг сарны гадарга дээр буулгах цаг ирэх үед аль боломжтой байгаа газардагч төхөөрөмжийг ашиглахаа илэрхийлсэн юм.
Хоёрдугаар сард Айзекмен “Artemis” хөтөлбөрийн замын зураглалыг шинэчлэн танилцуулж, ирэх онд дахин нэг туршилтын нислэг төлөвлөснийг мэдээлж байв. “Artemis III” нислэгээр хөлгийн багийнхан дэлхийн тойрог замд капсул болон газардагч төхөөрөмжийг холбох дадлага хийнэ. Харин 2028 онд төлөвлөсөн “Artemis IV” нислэгээр саран дээр газардах оролдлого хийх юм.
“Хөөргөлтийг жигдрүүлж, системүүдийн ашиглалтад алхам алхмаар туршлага бүрдүүлэх нь гол зорилго. Ингэснээр АНУ 2028 онд саран дээр аюулгүй эргэн очих боломж бүрдэх юм” хэмээн NASA-ийн хэвлэлийн төлөөлөгч "Bloomberg"-т мэдээлсэн байна.