
Зургийг: parliament.mn
УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш улс төрийн шийдвэрүүд хөвөрсөөр эрх баригч нам төрийн өндөрлөгүүдийн дунд томоохон халаа сэлгээ хийлээ. Даваа гарагт УИХ үдээс өмнөх хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, үдээс хойших хуралдаанаар түүнийг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилов.
УИХ-ыг намын даргаар удирдуулахгүй байх шаардлага тавьсан Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдааныг бойкотлож, улмаар 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар “Төрийн ажлыг гацаахгүй байх” зорилгоор албан тушаалаа хүлээлгэн өгөөд байсан юм.
Ингэснээр 14 жилийн улс төрийн карьертаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөс УИХ болон Засгийн газрын гишүүн, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга гээд бүхий л том албан тушаалыг хашсан Ням-Осорын Учрал гадаад, дотоодын тун эгзэгтэй нөхцөл байдалд Засгийн газрыг жолоодохоор томилогдож байна.
Зөрчил мөргөлдөөнөөс шалтгаалж олон улс оронд онц байдлын түвшинд хүрээд байгаа эрчим хүчний бүтээгдэхүүний тасалдлаас Монгол Улсад ирэх “шок”-ийг зөөлрүүлэх, байгалийн баялгаас ирэх өгөөжийг нэмэгдүүлэх өмнөх Ерөнхий сайдын хүчин чармайлтыг үргэлжлүүлж, "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгч талтай хэлэлцээ хийх нь Н.Учралын эхний сорилтууд болохоор байна.
Тэрбээр УИХ-ын даргын хувиар дэвшүүлж байсан иргэд, хувийн хэвшлийг дэмжих "Дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийлж байв. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой байх Эдийн засгийн эрх чөлөөний хууль, Татварын багц хууль, Зөвшөөрлийн тухай хууль зэрэг дуншсаар байгаа хууль тогтоомжууд мөн түүнийг хүлээж байна.
Эдийн засгийн бодлогын талд Н.Учрал УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа "Үнийн өсөлтөөс иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах шаардлага үүсвэл эдийн засгийг “халаах” бодлого хэрэгжүүлэх"-ээ мэдэгдсэн юм. Тиймээс мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, өр зээл тэлэх болгоомжлол шинэ Засгийн газрын үед үргэлжлэх шинжтэй.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд Н.Учрал өмнөх Засгийн газруудын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг харгалзан кабинетаа бүрдүүлэхээ мэдэгдсэн бол сөрөг хүчний зүгээс Засгийн газрын бүтцийг цомхотгож, Дэд сайдгүй ажиллахыг шаардаж байлаа.