
Зургийг: ulaanbaatar.mn
Туулын хурдны замаар нэг удаа зорчих төлбөр 5000 төгрөг байх бөгөөд нэг жилд 72-100 сая ам.доллар орчим хөрөнгө нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр байгааг Ардчилсан намаас зохион байгуулж буй олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр дурдлаа.
Одоогоор төсөл хэрэгжүүлэх урьдчилгаа 500 тэрбум төгрөгийг даатгалын компанийн баталгаатайгаар төсөл хэрэгжүүлэгч компанид олгоод байна. Энэ нь төслийн урьдчилгаа буюу нийт төсвийн өртгийн 21 хувь болж байна. Төслийг 2.3 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэх бөгөөд 25-30 жилд зардлаа нөхөх тооцоололтой байна.
Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлснээр Улаанбаатарын баруунаас зүүн болон зүүнээс баруун чиглэлд өдөрт дунджаар 44 мянган автомашин зорчилт хийж байгаа. Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдсан боломжийн хэмжээ гурван их наяд төгрөгтэй дүйцэж байгаа ба төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 30 орчим хувиар буурна гэж тооцоолж байна. Ихээхэн маргаан дагуулаад буй Туулын хурдны зам төслийн нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөг төсөвлөж, таван жилийн хугацаанд нөхөн сэргээлт хийхээр байгаа юм.
Хэлэлцүүлэгт оролцож буй төлөөллүүдийн дийлэнх нь дээрх төслийг хэт өндөр зардалтай гэж тодорхойлж байна. Ойролцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 2-3 хувьтай дүйцэх хэмжээний өртөгтэй байгаад шүүмжтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм. Мөн чухал, хэрэгтэй төслүүдээ хөдөлгөхөд хангалттай мэдээллээр хангах нь чухал байгааг дурдаж байлаа.