
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- Ойрх Дорнод дахь дайны улмаас эрчим хүчний салбар тогтворгүй болж, нийлүүлэлтийн хомсдол үүссэн нь Азийн хөгжиж буй орнуудад хамгийн хүчтэй нөлөөлж байна. Тухайлбал: Филиппин зэрэг улс нийлүүлэлтийн хямралыг давахын тулд бүс нутгийн бусад орнуудаас тусламж хүсэхээ мэдэгджээ.
Энэ сарын эхээр экспортын хязгаарлалт тогтоогоод байсан БНХАУ өнгөрсөн амралтын өдрүүдэд Зүүн Өмнөд Азийн эрчим хүчний хомсдолд орсон орнууд руу дизель түлш болон бусад төрлийн шатахуун тээвэрлэсэн нь бүс нутагт дэмжлэг үзүүлэх дохио боллоо.
“Bloomberg”-ээс гаргасан хөлөг онгоцны хөдөлгөөний мэдээллээс харахад өнгөрсөн амралтын өдрүүдэд газрын тос тээвэрлэж буй “Ding Heng 36” болон “Auchentoshan” хөлөг онгоцнууд Филиппин улсад 260 мянга гаруй баррель дизель түлш хүргэжээ. Мөн “Great Ocean” хөлөг онгоц Вьетнам руу ойролцоогоор 100 мянган баррель түлш хүргэсэн нь тус улсын газрын тосны бүтээгдэхүүний хомсдолыг намжаахад дэмжлэг үзүүлэх боломжтой аж.
Нөгөөтэйгөөр эрчим хүчний хямралын улмаас БНСУ 35 жилийн дараа анх удаа авто замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох талаар хэлэлцэж байна.
Хэрэв газрын тосны үнэ баррель нь 120 ам.доллароос давбал авто замын хөдөлгөөний хязгаарлалтыг нийт иргэдийнхээ хүрээнд хэрэгжүүлж магадгүй талаар тус улсын Сангийн сайд мэдэгджээ.
Харин БНСУ аль хэдийн Төрийн албан хаагчдад автомашины улсын дугаарын сүүлийн орноос хамаарч Төрийн байгууллагуудаар үйлчлүүлэх давтамжийг нь хязгаарлах арга хэмжээ авч эхлээд байгаа аж. Тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мён өнгөрсөн долоо хоногт Ираны мөргөлдөөн сунжирч байгаатай холбоотойгоор эрчим хүчний хомсдолоос сэргийлэхийн тулд цахилгааны хэрэглээгээ танаж, автомашины хувийн хэрэглээнээс татгалзан нийтийн тээврээр үйлчлүүлэхийг ард иргэддээ уриалжээ.