
Зургийг: Na Bian/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын боба цайны хамгийн том сүлжээг эзэмшдэг “Mixue Group” дотоодын зах зээл дэх хямд үнийн ширүүн өрсөлдөөнийг тэсвэрлэснээр 2025 оны санхүүгийн үзүүлэлт нь төсөөллөөс сайн байж, борлуулалтын орлого болон ашиг аль аль нь 30 хувь давж өссөнийг мэдээллээ.
Өнгөрсөн онд орлого нь 35 хувиар өсөж, 33.56 тэрбум юань буюу 4.87 тэрбум ам.доллар хүрсэн бол цэвэр ашиг нь 33 хувиар өссөнийг тайлагнасан байна. Хэдий тийм боловч “Mixue Group”-ийн хувьцааны ханш 2025 оны зургаадугаар сард хүрч байсан дээд түвшнээсээ өдгөө бараг хоёр дахин буураад байгаа юм.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Хонконгийн биржид бүртгэлтэй болсноосоо хойш “Mixue Group” хоол хүргэлтийн платформууд, сүлжээ ресторан, кафенуудын үнийн өрсөлдөөнд татагдан орж, улмаар хөрөнгө оруулагчид тус компанийн ашигт ажиллагаанд санаа зовниж эхэлжээ. Зах зээлд эзлэх хувиа хамгаалахын тулд “Mixue Group” цахим хямдрал, урамшууллууд ихээр зарлаж, гол бүтээгдэхүүн болох сүүтэй цайныхаа үнийг хоёр юань хүртэл хямдруулж байв.
Тус салбарын үнийн дайн сүүлийн саруудад намжих дохио ажиглагдаж, зарим томоохон сүлжээ кафе, ресторанууд хүргэлтийн платформуудад үнээ нэмэгдүүлж эхлээд байгаа аж. Мөн БНХАУ-ын монополын эсрэг байгууллага хоол хүргэлтийн салбарт үнийн шударга өрсөлдөөн хангагдаж буй эсэхэд шалгалт хийж эхэлжээ.
2025 оны эцсийн байдлаар “Mixue Group” БНХАУ-д 55 мянга 356, гадаадад 4500 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.