
Зургийг: С.Батсайхан
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани 2025 онд 133.2 сая ам.долларын алдагдалтай ажилласнаа тайлагналаа. 2024 онд 153.9 сая ам.долларын ашигтай ажиллаж байсантай нь харьцуулахад энэ нь огцом эргэлт болж байна.
Хэдийгээр тус компанийн үйл ажиллагаа өргөжиж, борлуулалт нь өмнөх оноосоо 60 хувиар өссөн ч коксжих нүүрсний үнэ эрчимтэй буурсан нь алдагдалтай ажиллахад голлон нөлөөлжээ. Мөн БНХАУ-ын зах зээлд эрэлт суларч, хямд бүтээгдэхүүний эзлэх хувь өссөн зэрэг нь нүүрсний үнийн уналтад нөлөөлсөн байгаа юм.
Мөн Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн уурхайн лицензийг стратегийн ордод хамааруулахаар болсныг тодотгосон байна. Үүнд: “SouthGobi Resources”-ийн эзэмшилд буй "Овоот толгой" болон "Сүмбэр" лицензүүд орох магадлалтай байна.
Засгийн газартай Төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудлаар 2025 оны дөрөвдүгээр сараас хойш яриа хэлэлцээ үргэлжилж байгаа, зохицуулалтын орчин тодорхойгүй байгааг тус компани дурджээ.