
Зургийг: ulaanbaatar.mn
Дулааны V цахилгаан станцыг санхүүжүүлэх зорилгоор нийслэлээс 200 тэрбум төгрөгийн "Нийслэл бонд" гаргаж, даваа гарагт Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалах гэж байна.
Дулааны II цахилгаан станцаас 400 метрийн зайд, нийт 270 МВт цахилгаан эрчим үйлдвэрлэх хүчин чадалтай баригдахаар төлөвлөгдөж буй Дулааны V цахилгаан станц нь эрчим хүчний салбарын дутагдлыг нөхөж, сүлжээний тогтвортой байдлыг сайжруулахыг танилцуулгад тодотгожээ.
Тус станц нь Багануур болон Шивээ-Овоо уурхайнуудаас нүүрс худалдан авах бөгөөд бусад станцуудаас бага агаарын бохирдол үүсгэхийг онцолж байна.
Шинээр гарч буй бонд нь гурван жилийн хугацаатай, 2024 онд гарж байсан бондтой ижил буюу 14 хувийн хүүтэй гарч буй. Төслийн андеррайтераар “Эм Ай Си Си ҮЦК” ХХК ажилласан байна.
Дулааны V цахилгаан станц төслийн нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг нийслэлээс санхүүжүүлэх бол үлдсэн 80 хувийг хувийн хэвшил санхүүжүүлэхээр зохицуулжээ. Төсөл 2026 дөрөвдүгээр сараас эхэлж, гурван жилийн хугацаанд үргэлжлэхээр байна.
Бондын захиалгыг Монголын Хөрөнгийн биржид энэ долоо хоногийн баасан гараг хүртэл, өдөр бүр 10.00-17.00 цагийн хооронд авахаар байна.
2020-2024 онд Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээ дунджаар долоон хувиар өссөн бол үйлдвэрлэл таван хувиар хоцрогдолтой өсжээ. Иймд эрчим хүчний хомсдол бий болж импортын хэрэгцээ нэмэгдэж байгаа тул үүнийг Дулааны V цахилгаан станц төслийг хэрэгжүүлж нөхөх төлөвлөгөөг үнэт цаасны танилцуулгад тусгаж өгсөн байна.