
Зургийг: Э.Тэнгис
“Shangri-La Asia Limited” 2025 онд 2.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаа мэдээллээ. Энэ нь өмнөх оноос 2.2 хувиар өссөн дүн болж байна. Тайлант хугацаанд 134.5 сая ам.долларын татварын дараах цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноос 26.4 хувиар буурчээ.
Мөн хөрөнгө оруулалтын үл хөдлөх хөрөнгийн бизнес тогтвортой орлогын эх үүсвэр байсныг тодотгосон байна. 2025 оны 12 дугаар сарын 31-нээр эцэслэсэн тус нэгжийн жилийн нийт орлого өмнөх оноос 10.9 хувиар өсөж, 139.5 сая ам.доллар хүрснийг тайландаа дурджээ.
Үүнд Монгол болон Шри Ланк улсад хөрөнгө оруулсан үл хөдлөх хөрөнгийн гүйцэтгэл сайжирснаас гадна БНХАУ-ын Фужоу хот дахь “Shangri-La Centre”-ээс орох орлого нэмэгдсэн нь нөлөөлснийг тодотгов.Тус групп Монгол дахь “Shangri-La”-ийн 51 хувийг эзэмшиж буйг мэдээлсэн. Тайланд дурдсанаар “Shangri-La” Монгол дахь зочид буудлын бизнесээсээ олсон орлого нь 2025 онд 22.8 сая ам.доллар хүрч, өмнөх оноос 5.1 хувиар өссөн байна.