
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Дайнаас үүдэлтэй саатал, бэрхшээл дэлхийн агаарын тээврийн хамгийн ачаалалтай дамжин өнгөрөх цэг болох Персийн буланг дайрснаар Ази, Европыг холбосон гол чиглэлүүдийн нислэгийн тийзийн үнэ энэ сард 560 хүртэлх хувиар өссөнийг "Alton Aviation Consultancy" мэдээлж байна. Үүгээр зогсохгүй үнийн өндөр түвшин энэ зун, намар дамнан хадгалагдах магадлалтайг анхаарууллаа.
Өгөгдлийн шинжилгээний "Cirium" компани болон аяллын цахим агентуудын мэдээлэлд суурилан тооцоолбол ирэх зургаадугаар сард Ази-Номхон далайн бүсээс Европ талдаа хамгийн их зорчигч явдаг долоон чиглэлийн тийзийн үнэ өмнөх оны мөн үеэс дунджаар 70 хувиар өндөр байхаар байгааг "Alton" мэдээлжээ. Тухайлбал: Сидней-Лондон чиглэлийн тасалбар одоогоор 1500 ам.долларын дундаж үнэтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс даруй хоёр дахин өндөр үнэ юм.
Түүнчлэн ойрын хэдэн сардаа үнэ буурахыг хүлээх хэрэггүй бололтой. Ирэх аравдугаар сар хүртэл нислэгүүдийн тийзийн үнэ өнгөрсөн оны түвшнээс 30 гаруй хувиар өндөр хэвээр байх төлөвтэй.
Европоос Ази талд ч үнийн дарамт дутахгүй өндөр байна. Зургаадугаар сарын нислэгүүдийн үнэ өмнөх жилээс 79 хүртэлх хувиар, ялангуяа холын зайн зарим нислэгүүдийн үнэ гурав дахин нэмэгджээ.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил Иран руу довтолсноор эхэлсэн уг хямралын улмаас 70 мянга гаруй нислэг цуцлагдаж, дэлхийн агаарын сүлжээний эмзэг байдлыг тодотгон харуулсан юм. Агаарын зам хаагдаж, Персийн булангийн зангилаа төвүүдийн хүчин чадал буурч, онгоцны түлшний үнэ өссөн зэрэг давхар цохилтууд нислэгийн тийзийн үнэ ийнхүү огцом өсөж, олон сарын турш энэ түвшнээ хадгалагдахад хүргээд байна.
Тодорхой бус байдал, үнийн өсөлтийн нөлөөгөөр нислэгийн эрэлт хэдийнээ суларч эхэлжээ. Европоос АНУ чиглэлийн зуны нислэгүүдийн захиалга 2025 оны мөн үеэс 15 хувиас буурсан бол АНУ-аас Европ талдаа 11 хувиар буурсныг "Cirium" мэдээллээ.
"Үнийн бууралт онгоцны түлшний нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь хамрахад гурван сар хүртэлх хугацаа шаардагддаг. Одоогийн нөхцөл байдал бол богино хугацааны үнийн шок төдий бус. Шууд нөлөөлөл намжлаа ч гэсэн хүчин чадлын дутагдал, түлшний өндөр зардал нь нислэгийн үнэ удаан хугацааны турш өндөр хадгалагдах түлхэц болно" хэмээн "Alton" компанийн захирал Брайан Терри хэлж байна.
560 хувийн өсөлт
Олон нислэг нь Дубай, Абу Даби, Доха зэрэг Ойрх Дорнодын хотуудаар дамждаг тул Ази, Европыг холбосон нислэгүүд үнийн хамгийн хүчтэй "шок"-т өртөж буй. "Roland Berger"-ийн мэдээллээс үзвэл агаарын замын тус коридороор Ази-Европ-Ази чиглэлийн жилийн нийт нислэгийн 1/3 орчим нь дамждаг аж.
Ойрх Дорнодын зам саатсаны өртөг нислэгийн тийзийн үнэд хэд дахин үржигдэж ирж байна. "Alton"-ийн мэдээлснээр Хонконгоос Лондоны Хитроу хүрэх нислэг гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 3318 ам.долларын дундаж үнэтэй байсан нь өмнөх сараасаа 560 хувиар өссөн үзүүлэлт аж. Бангкокоос Франкфурт чиглэлд үнэ 505 хувиар өсөж 2870 ам.доллар болсон бол олон аялагч зорчдог Австрали, Их Британи чиглэлийн үнэ ижил хугацаанд 429 хувиар цойлжээ.
"Одоо нөхцөл байдал маш тодорхойгүй байна. Аялал жуулчлал ч мөн адил. Нислэг цуцлагдаж, хойшилж, саатаж байгааг харсан аялагчид аялах уу, эс аялах уу гэдгээ няхуур бодно шүү дээ" хэмээн аялал жуулчлалын шинжээч Ханминг Ли онцоллоо.