
Зургийг: Tierney L. Cross/Bloomberg
(Bloomberg) -- Олон Улсын Валютын Сан Ираны дайн удаан хугацаанд үргэлжилбэл ямар улс орнуудад шинэ санхүүжилт шаардлагатай байж болох талаар үнэлгээ хийж байна гэж ойрын эх сурвалж мэдээллээ. ОУВС-ийн стратеги, бодлого, үнэлгээний хэлтэс улс орнуудаас урсгал дансны болон санхүүжилтийн хэрэгцээ зэрэг мэдээллээ хуваалцахыг хүссэн байна.
Энэхүү үнэлгээ нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан буюу яг одоо идэвхтэй санхүүжилтийн хөтөлбөртэй байгаа улс орнуудад чиглэж байгаа гэж ойрын эх сурвалж онцолжээ. Тус сангийн тэргүүн Кристалина Георгиева "Өнөөгийнх шиг тодорхойгүй ертөнцөд олон улс орон ОУВС-д ханддаг тул шаардлагатай үед тусламж үзүүлэхэд бэлэн байхыг зорьж буйгаа илэрхийлсэн" гэж хэвлэлийн төлөөлөгч нь тодотгож байна.
Газрын тос, байгалийн хий зэрэг түүхий эдийн үнийн өсөлт дэлхийн эдийн засагт томоохон дарамт учруулж буй. Засгийн газруудын орлого буурахын зэрэгцээ зардал өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн бордооны нийлүүлэлт тасалдсан нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж эхэлжээ. Жишээлбэл: брент төрлийн газрын тосны үнэ дайны өмнө барреь нь 70 орчим ам.доллар байсан бол сүүлийн байдлаар 102 ам.доллар даваад байна.
ОУВС одоогоор 50 улсад хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд шаардлагатай бол одоо байгаа хэлэлцээрийг сайжруулах эсвэл шинээр байгуулахад бэлэн байна гэж тус сангийн тэргүүн мэдээлж байв. Энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан улс одоогоор байхгүй аж.