
Зургийг: Caitlin O'Hara/Reuters
“Rio Tinto” групп Австрали дахь хөнгөн цагаан хайлуулах “Boyne” үйлдвэрийнхээ үйл ажиллагааг наанадаж 2040 он хүртэл үргэлжлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих зорилгоор 1.4 тэрбум ам.долларын Төрийн дэмжлэг авлаа.
Санхүүжилтийг Австралийн Засгийн газар болон Квийнслэнд муж хамтран 2030 оноос эхлэн 10 жилийн турш олгох аж. Мөн тус хайлуулах үйлдвэрийг олон улсад өрсөлдөх чадвараа хадгалах нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж буйгаа “Rio Tinto”-ийн Хөнгөн цагаан, литийн группийн захирал Жером Пекресс тодотгосон байна.
Хөнгөн цагаан үйлдвэрлэл их хэмжээний эрчим хүч шаарддаг тул тус групп нүүрстөрөгчийн ул мөрөө бууруулах сорилттой тулгарч байгаа аж.
Харин хайлуулах үйлдвэрийн эрчим хүчний гэрээ 2029 онд хугацаа нь дуусах ба нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нь бууруулж чадахгүй бол урт хугацааны ирээдүйгүй гэдгийг дурдаж байсан юм.
Үүнээс гадна “Rio Tinto” групп АНУ-ын Аризона муж дахь “Resolution Copper Mine” төслийг 2030-аад оны дунд үеэр ашиглалтад оруулахыг зорьж байна. Хэдий тийм боловч АНУ-д зэс хайлуулах үйл ажиллагааны эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй учраас зэсийн баяжмалынхаа тодорхой хэсгийг экспортлох шаардлагатай болж магадгүй гэдгийг “Reuters” агентлаг мэдээллээ.